-
2018 оны 1 сарын 22
Д. Мөнхтүшиг Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдлоо.
-
2018 оны 1 сарын 22
Рио Тинто групп Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газраа өнөөдөр нээж байна.
-
2018 оны 1 сарын 22
Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлж байна.
-
2018 оны 1 сарын 21
Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Монголд ирлээ
Оюутолгойг эзэмшигч “Рио Тинто” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар ”Шангри-Ла” зочид буудалд энэ сарын 22-нд нээгдэх гэж буйтай холбогдуулан албан ёсны нээлтийн арга хэмжээнд оролцохоор ”Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак хүрэлцэн иржээ. Жан Себастьян Жак нь “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар өнгөрсөн оны гуравдугаар сард томилогдсон. Өмнө нь тус компанийн зэс, нүүрсний группийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан бөгөөд “Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор Монгол Улсад 25 удаа ирж байсан гэнэ. Ажлаа авснаас хойш “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт, санхүүжилт болох 4.4 тэрбум ам.долларыг шийдэхэд гол үүрэгтэй ажилласан гэгддэг. Тэрээр 2011 оноос эхлэн тус компанийн зэс, нүүрсний группийг удирдаж байж. Мөн Энэтхэгт төвтэй “Tata Steel” гангийн компанийн стратегийн захирлаар 2007-2011 оны хооронд ажиллаж байсан гэнэ. Түүнчлэн Олон улсын зэсийн холбооны даргын ажлыг 2014-2016 онд гүйцэтгэж байсан байна. ”Рио Тинто”, “Tata Steel” компанид орохоос өмнө “L’Oreal” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байжээ.
Тэрээр энэ удаа У.Хүрэлсүхийн Засгийн газартай ярилцаж тохиролцох зүйл байгаа нь тодорхой. Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгойн талаар сөрөг хандлагыг илэрхийлэх болсон нь Рио Тинтогийн санааг зовоож байгаа. Мөн Үндэсний аудитын газар Дубайн гэрээтэй холбоотой асуудалд 2018 онд багтаан аудитын шалгалт оруулна гэдгээ зарласантай холбогдуулан Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак 26 дахь удаагаа яаралтай Монголд ирсэн болов уу. Мөн саяхан Монгол Улсын Татварын Ерөнхий Газраас Оюу толгой ХХК-д 155 сая ам.долларын татварын торгууль тавиад байгааг “Туркойз Хилл Ресурс” мэдэгдсэн. Дашрамд сонирхуулахад “Оюу толгой” бол Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу толгой” компани (34 хувь), Канад улсын “Туркойз Хилл Ресурс” (66 хувь) компанийн хамтран эзэмшдэг Монголын компани билээ. “Туркойз Хилл Ресурс” компани Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, “Рио Тинто” компанийн шууд бус эзэмшлийн компани юм. “Рио Тинто” энэхүү түншлэлийн өмнөөс “Оюу толгой” төслийн менежментийг хариуцдаг ажээ.
-
2018 оны 1 сарын 19
хөрөнгийн зах зээл
-
2018 оны 1 сарын 19
Бензин шаглагчдын санаархал энэ удаа бүтсэнгүй
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 1630 төгрөгийн үнэтэй байсан А-92 бензинээ 1890 төгрөг болгон литр тутмаас 260 төгрөг хонжиж эхэлсэн нефтийн бүтээгдэхүүн импортлогчдод Монгол төр “Төмөр нударга” үзүүлснээр дэндүү даварсан бензин шаглагчид үнээ буцаагаад байранд нь орууллаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Шатахууны үнийг зөвлөлөөс А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх, А-95, 98 зэрэг шатахууны үнийг нэмэгдсэн хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь дээрх бензиний үнийг нэмсэн нь нефть импортлогчдын дур зоргоороо аашилсан үйлдэл байсны нотолгоо юм.
Сонирхуулахад Оросоос 1 литр бензинийг 1280-н төгрөгөөр оруулж ирдэг юм байна лээ. Харин Монголд зарахдаа 1 литрийг нь 1630-н төгрөгөөр зардаг байсан.
Нефть импортлогчид Засгийн газар 1 тонн бензин тутмаас 210000 мянган төгрөгийн татвар авдаг. Үүнийг нь тооцоолоод үзвэл 1 тонн нь 1630000 төгрөг болно. Татвараа хасаад 1420000 төгрөг. Ингэхээр ашиг нь 1 тонн тутамд 210000 төгрөг болно. Жилдээ 1 сая тонныг зарна гэж бодвол 210000000000 төгрөг буюу 2 их наяд 100 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ бол нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын олж буй ашиг нь шүү. Үүнээс ажилчдын цалин, урсгал зардал энээ тэрээгээ хасахаар дор хаяж 1 их наядаас дээш төгрөгийн цэвэр ашиг гарч ирнэ. Ашиггүй ажиллаж байна гээд үнэ нэмэх, засгийн газрыг шантаажлаад байгаа нь үнэхээр утгагүй байгаа нь энэ хэдэн тооноос маш тодорхой харагдаж байна.
Олон жилийн туршид тасралтгүй нефтийн бүтээгдэхүүн оруулан ирж Монголчууд бидний толгойд багтахааргүй ашиг олсон байгаа юм, тэд. Ард түмний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг хайр гамгүй сорсон улс гэж нефть импортлогчдыг хэлэхэд буруудах зүйл байхгүй. Дээрээс нь шатахуун импортлогч компаниуд бүгд уул уурхайн салбарт лиценз нэрээр бидний өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн баялгийг тонож цөлмөн улам л баяжицгааж байгаа. Тэд тэгээд ч ханахгүй, шунал хүсэл нь улам л өргөжиж, улам л цаашилсаар байгаа нь саяхны үйл явдлаар нотлогдсон. Товчхондоо тэдний шунал хэзээ ч дуусахгүй. Яагаад гэвэл тэдний шуналын сав нь нефтийн бүтээгдэхүүн хадгалдаг том том сав шигээ ёроолгүй.
Саяхан тэд Засгийн газраас 280 тэр бум төгрөг нэхэж яаж аяглаж байсныг Монголчууд их багагүй харцгаасан, гайхацгаасан. Засгийн газар мөнгө өгөхгүй гэхээр бензинийхээ литр тутмын үнийг 300 орчим төгрөгөөр нэмчихийг ч харцгаасан. Чөлөөт зах зээл, хувийн өмч, хувийн хэвшлийнхнийг төр дэмжинэ гэсэн үзэл санаа, үйл хэргийн ард ийм л бэртэгчин, шуналтангууд Монголчуудыг сорон мөлжиж байна. Бензин шатахуун үнэд орохоор өргөн хэрэглээний бүх барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хууль бий. Харин бүх барааны үнэ нэмэгдэх байсан хүсэшгүй аюулаас Шатахууны үнийн зөвлөл нэг удаа Монголчуудыг аварч, аргацаалаа. Гэхдээ шунал нь шулам болсон нефть импортлогчид хэдхэн сарын дараа дахиад л үнээ нэмнэ хэмээн дайрахгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл тэдний шунал хүсэл нефтийн бүтээгдэхүүнийхээ том том сав шиг ёроолгүй, ханаж цадахыг ихээ эрт мартацгаасан улс билээ.
-
2018 оны 1 сарын 18
тусгай зөвшөөрөл олголоо
-
2018 оны 1 сарын 17
Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилжээ. Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллажээ.
-
2018 оны 1 сарын 17
Барьцаанд тавьсан автомашины жолоочийн даатгал
-
2018 оны 1 сарын 16
Х.Болорчулуун: Нефть боловсруулах үйлдвэр бараг л ашиггүй
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Энэтхэгийн “Эксим” банкнаас зээлэх нэг тэрбум ам доллараар Сайншандаас 20 км газарт нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар ирэх зургаан сараас ажлыг нь эхлүүлэхээр болоод байгаа. Жилдээ 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулж жилдээ 90.4 сая ам долларын ашигтай ажиллах тооцоо гаргаад байгаа энэ үйлдвэрийн талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун арай өөр бодолтой яваагаа ярьсан юм.
-Өнгөрсөн хоёрхон амралтын өдөр нефть импортлогч томоохон компаниуд “Литр тутамдаа 250-300 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Төрөөс 260 тэрбум төгрөгийн татаас авах шаардлагатай. Тэгж гэмээнэ алдагдлаа нөхөөд цаашдынхаа санхүүжилтийг хийх боломжтой болно” гэж байна. Энэ чухал стратегийн асуудалд Монголын төр жаахан хатуухан байр сууринаас хандаж болохгүй юу?
-Шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад бүх л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг нь Монголын амьдралын бичигдээгүй хууль. Яг өнөөдөр ажилгүйдэл, ядуурал гаарсан ийм үед бензин шатахууны үнийн өсөлт Монголчуудын амьдралд маш муугаар нөлөөлнө. Гэхдээ миний хувьд Улаанбаатарт бензин шатахууны үнийг нэмээд, хөдөө орон нутагт улам хямдруулах ёстой гэж үзэж байгаа. Орон нутагт шатахууны үнийг хямдруулж байж энэ их нүүдэл, замбараагүй суурьшлыг нэг тийш нь аятай зөвөөр зохицуулж чадна. Одоо орон нутгуудаас жилдээ 25-30 мянган хүн ямар ч чөлөө зөвшөөрөлгүй Улаанбаатарт орж ирж энэ замбараагүй утаа тортог, эх захгүй гэр хорооллыг нэмэгдүүлж байна. Улаанбаатарын хаяагаар дүүрэн нийслэлийн хөдөө бий болчихлоо. Гэтэл хөдөөд ажлын байр байхгүй болж, үндсэндээ Монголын хөдөө эзгүйрээд дуусч байна. Энэ их замбараагүй нүүдлийг эдийн засгийн урамшууллын бодлогоор зохицуулах, зогсоох боломжтой юм. Тэр нь давын өмнө бензин шатахууны үнээс эхлээд Улаанбаатар болон орон нутгуудын ялгавартай үнээс эхлэх учиртай гэж бодож байна. Улаанбаатарын энэ их утааг багасгах, орон нутгуудаа эзэнтэй болгохын тулд хамгийн эхлээд эдийн засгийн урамшууллын их ухаалаг тогтолцоо шаардлагатай байгаа юм. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй Япон, БНСУ, ХБНГУ зэрэг орнуудад нийслэлд нь бензин шатахууны үнэ их өндөр байдаг бол хөдөө орон нутаг, мужуудад нь хямдхан байдаг. Гэтэл бид яг үүний эсрэг явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ байдлыг давын өмнө өөрчлөх ёстой. Өнөөдрийн шатахууны татварын нэмэгдлийг Засгийн газар өөрсдөө л шийдэж гаргасан шүү дээ. Тэгэхээр цаашдаа Монгол Улс орон нутгууд болон нийслэлдээ бензин шатахууны ихээхэн ялгавартай бодлого явуулж гэмээнэ энэ утаа униараас багасаж, яваандаа салах боломжтой болох юм. УИХ дахь МАН-ын бүлэг дээр “Утаа үнэхээр гамшиг боллоо” гэдгийг дахиад л ярилцсан.
-Шатахууны үнийг нэмэх нь төвлөрлийг сааруулах гол арга зам болж чадах уу. Эргээд иргэддээ дааж давахын аргагүй дарамт үүрүүлэх юм биш үү?
-Төвлөрлийг сааруулах бодлого нь ганц шатахууны үнийг нэмснээр зохицуулагдахгүй л дээ. Юу гэвэл Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжээд 28 жил болж байгаа мөртлөө бүх харилцаа нь социализмаараа байгаад байна. Жишээ нь бүх татварыг Улаанбаатартаа, төвдөө татаж төвлөрүүлдэг. Үндсэндээ хөдөө орон нутагт бараг л юм үлдээлгүй Улаанбаатар руугаа татчихдаг. Дахин хуваарилалт хийхдээ ямар ч оновчгүй, шал дэмий үргүй зардал асар ихээр гаргадаг. Аль овсгоотой, хөөцөлдөлгөөтэй УИХ-ын гишүүд нь хэрэгтэй хэрэггүй хөрөнгө оруулалт хийлгээд хамаг мөнгөө ийш тийш нь цацаад дуусгачихдаг. Орон нутагт бий болсон татварын орлогыг орон нутагт нь үлдээж байж Монгол Улс урагшаа явж, хөдөө орон нутгууд эзэнтэй үлдэнэ. Орон нутгууддаа ажлын байрыг олноор нь бий болгож байж Улаанбаатарын энэ их төвлөрөл, утаа униараас сална. Энд эдийн засгийн хөшүүрэг, татварын зөв бодлого, гаалийн импортын татварыг өндөржүүлж байж Үндэсний үйлдвэрлэлээ хамгаална. Ингэж гэмээнэ орон нутгуудад ажлын байр нэмэгдэнэ. Түүнээс биш өнөөдрийнх шигээрээ байгаад байвал Улаанбаатараас 100 гаруй км-ын хол байгаа Багануур шиг газруудад ажлын байр нэмэгдэхгүй, ядуурал буурахгүй, их нүүдэл зогсохгүй ээ.
-Өнөөдрийн бензин шатахууны үнийн өсөлтийг шатахуун импортлогч хэдэн том компани бойкот хийх замаар хийгээд байгаа юм бишүү. Энэ ер нь зах зээлийн жамаараа өсч байгаа өсөлт мөн үү. Энэ байдалд төр оролцож зохицуулалт хийх боломжгүй юу?
-Би хувь улстөрчийн болон иргэн хүнийхээ хувьд өнөөдрийн энэхүү үнийн өсөлтийг мэдээж таашаахгүй байгаа. Яагаад гэвэл 1 баррель түүхий нефтийн үнэ 110 ам доллар байхад шатахууны үнэ өнөөдрийнхөөс бага байсан. 20-30 ам доллар байхад бага л байсан. Тэгвэл өнөөдөр 1 баррель түүхий нефть дэлхийн зах зээл дээр 69 ам доллар байгаа. Тэгэхээр энэ үнийн өсөлтийн ард нефть импортлогч компаниудын хэт өндөр ашиг олох гэсэн шунал хүсэл л явж байгаа нь тодорхой.
-Энэ хэдхэн том компанийн давуу эрхийг төрөөс зохицуулж, зах зээлийнх нь шударга өрсөлдөөний зарчмыг санал болгож болдоггүй юмуу. Дөрөв таван том компанийн захирлууд сууж байгаад л үнийг тогтоогоод байдаг өнөөдрийн тогтолцоог яавал өөрчилж болох бол. Түүнээс гадна бараг 30 жил ярьж байгаа нефть боловсруулах үйлдвэр яагаад өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж баригдахгүй байгаа юм бол?
-Яг Тамсагаас олборлож байгаа түүхий нефть маань 1.2 сая тонн орчим түүхий нефть байгаа юм. Энүүгээр бензин шатахуун хийвэл Монгол Улсын хэрэгцээг бараг л хангачих хэмжээний түүхий газрын тос юм л даа. Гэтэл яг үнэндээ нефть боломруулах үйлдвэрийн талаар бараг л 30 жил ярьж байгаа ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж чадахгүй байгаа нь гунигтай ч гэсэн үнэн. Нөгөөтэйгүүр яг өнөөдөр нефть боловсруулах үйлдвэр барьчихдаг юм гэхэд яг үнэндээ ашиггүй шахуу болчихоод байна. Хэдийгээр Монголын нутаг Тамсагийн хязгаараас олборлож байгаа ч 1993 онд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу энэ 1.2 сая тонн түүхий газрын тосны 70 хувь нь БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компанийн мэдэлд оччихсон шүү дээ. Тухайн үеийн Газрын тосны газрын дарга Д.Сэнгээ гэдэг нөхөр Монгол Улсад ийм их алдагдалтай Бүтээгдэхүүн хуьаах гэрээ гэгчийг Хятадын талтай байгуулчихсаны балгийг өнөөдөр бид үүрч яваа.
Ингэхээр Сайншандад нефть боловсруулах үйлдвэр байгуулдаг юмаа гэхэд бид эргээд өөрсдийнхөө түүхий газрын тосны 70 хувийг хятадын “Петрочайна Дачин Тамсаг”-аас юань, ам доллараар худалдаж авч байж бензин шатахуун гаргах болчихоод байгаа. Ингэхээр Тамсагийн түүхий газрын тос бол үндсэндээ Монголын нефть биш хятадын нефть болчихоод байгаа юм. Ямартай ч 1.5 сая шингэн түлшний жилийн хэрэглээтэй Монгол Улс Сайншандад жилдээ 1.3 сая тонн бензин шатахуун үйлдвэрлэх хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд Бүтээгдэхүүн хуваах гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөх 2031 он хүртэл олигтой ашигтай ажиллаж чадахгүй.
-У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдийн татварыг нэмж нуруун дээрх ачааг нь бас л багагүй хүндрүүлчихлээ. Энэ талаар та ямар бодолтой явна?
-Мэдээж би татварын энэхүү нэмэгдлийг анхнаас нь л эсэргүүцсэн. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар гэхээсээ илүүтэй Олон улсын Валютын сан гэдэг нөхөр л Монгол Улсын бүх асуудлыг мэддэг, шийддэг болчихлоо шүү дээ. Тэндээс ирж байгаа дарамт, шахалтын үндсэн дээр л саяын татварын нэмэгдэл явж байгаа юм. Тэр байгутай Оюутолгойн борлуулалтын мөнгийг Монголбанкаар дамжуулахыг Олон улсын Валютын сан хориглож байгаа нь Монгол Улсын дотоод хэрэгт арай дэндүү хошуу дүрсэн хэрэг мөн л дөө. УИХ-аас гарсан тогтоолыг 20 хоногийн дараа хүчингүй болгуулж байна. Үнэндээ энэ улсын эзэн нь Олон улсын Валютын сан болчихлоо шүү дээ. Ер нь бол Олон улсын Валютын сан дандаа тухайн орны ард түмний хэрэглээний татварыг нэмэхийг л шаарддаг. Түүнээс биш баялгийн татварыг нэм гэж хэзээ ч шаарддаггүй. Энэ нь яваандаа тухайн улсын эдийн засгийн хямралыг улам бүр гааруулахаас биш эдийн засгийг нь тэлэх, хөгжлийг нь түргэсгэх тухай ямар ч яриа байдаггүй юм. Олон улсын Валютын сангийн зээлээр тэгтлээ хөгжиж цэцэглэсэн орон гэж би л хувьдаа дуулаагүй. Бид өнөөдөр хүссэн ч эс хүссэн ч ийм байдалд орчихоод дороо тэлчилж байна.
-Энэ Засгийн газрын үед Сайншандын нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орж чадах болов уу. Тэр Энэтхэгийн нэг тэрбум ам долларын зээл энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд хүрэлцэх болов уу?
-Ер нь энэ үйлдвэрийн хувь заяа ихээхэн бүрхэг байгаа гэдгийг шулуухан хэлчихье. Яаж ийгээд барьчихлаа ч гэсэн түүхий газрын тосныхоо 70-75 хувийг нь хятадын “Петрочайна Дачин Тамсаг” компаниас юань, доллараар худалдаж авах болохоор бараг алдагдалтай ажиллаж магадгүй. Товчхондоо Тамсагийн нефть бол Монголынх гэхээсээ илүүтэй хятадын нефть болчихсон болохоор бид тэднээс эргүүлээд худалдан авч бензин шатахуун хийх гээд байна. Байдал ийм л байгаа. Дүгнээд хэлэхэд Сайншандад нефть боловсруулах үйлдвэр барьчихдаг юм гэхэд эхний 10 жилдээ ямар ч ашиггүй шахуу ажиллана. Би бодит үнэнийг л хэлж байна.
-
2018 оны 1 сарын 16
Өнгөрсөн амралтын хоёр өдөрт өмнө нь 1630 төгрөгийн үнэтэй байсан А-92 авто бензин 260 төгрөгөөр эрс нэмэгдэн литр нь 1890 төгрөг болж Улаанбаатарчуудыг шоконд оруулав. Ер нь жилийн жилд авто бензин, шатахуун тос барьцгүй үнээ нэмж, түүнийг дагалдан өргөн хэрэглээний барааны үнэ савладаг нь Монголчуудын хувьд нэгэнт ижил дасал болчихсон амьдралын тааруухан хэлбэлзэл гэж хэлж болно. Жилдээ 1.5 сая тонн шингэн түлшний хэрэглээтэй Монголчуудын хувьд өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэртэй болох мөрөөдөл хаа байсан Д.Бямбасүрэн Ерөнхий сайд асны үеэс л эхлэлтэй гэж хэлж болно. Өнөөдөр Монгол Улс сардаа 45-55 сая ам долларын бензин шатахуун импортлож байгаа нь жилдээ 600 гаруй сая ам доллар болж, энэ нь эргээд валютын ханшийн савалгаанд дийлэнх жинг дарж бидний амьдралд гол сөрөг нөлөөллийг үзүүлж байгаага захын хүн хэлээд өгнө. Байдал нэгэнт тодорхой учир бараг 30 жил газрын тос боловсруулах үйлдвэр мөрөөдсөн Монголчуудын мөрөөдлийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ажил хэрэг болгохоор ханцуй шамлаад байна.
Түүх сөхвөл Д.Дэмбэрэл УИХ-ын дарга байхдаа буюу 2011 оны 10 дугаар сарын 23-нд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг, Ноён Хонгор уулын өвөрт жилдээ 2 сая тонн түүхий нефть боловсруулах үйлдвэрийн суурийг сүр дуулиантай тавьж “Энэ үйлдвэр 2015 ашиглалтад орж,жилдээ 1.7 сая тонн шингэн түлш үйлдвэрлэж Монгол Улсын хэрэгцээг бүрэн хангадаг болно” хэмээн шуугиулж байсан удаатай.
Тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Нефть боловсруулах энэ үйлдвэрийг Японы хамгийн орчин үеийн техник технологийн дэвшлээр Японы мэргэжилтнүүдийн шууд хяналтын дор байгуулна” хэмээн цээжээ дэлдэж байсан нь хэвлэлийн шарласан хуудсанд түүх болон үлджээ. Түүнээс хойш зургаан жил гаруй хугацаа өнгөрсөн ч Дархан-Уулын Хонгорт нефть боловсруулах үйлдвэр байтугай ганц шовгор овоохой ч боссонгүй.
Нефть импортлогч томоохон компаниуд “Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 69 ам доллар болж бид нэг литр бензин тутмаас 300 төгрөгийн алдагдал хүлээж байна. Бидэнд улсын төсвөөс 260 тэрбум төгрөг өгвөл алдагдлаа нөхөөд үнээ нэмэхгүй байх боломжтой” гэсэн юм ярьцгаагаад сууж байна. Яг энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж таардаг нь ч юу билээ.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүндхэн, ажилгүйдэл ядуурал ноцтой хэмжээнд хүрээд байгаа үед бензин, шатахууны үнийн хөөрөгдлийг дагаад өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсөх нь тодорхой. Тэгэхээр яах аргагүй өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэрийн тухай дахиад л дуусдаггүй мөрөөдлөө ярилцах шаардлагатай болж байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос зүүн хойш 20 км газарт нефть боловсруулах үйлдвэрийг Энэтхэгээс зээлсэн нэг тэрбум ам.доллараар байгуулахаар энэ зунаас ажлаа эхлэхээр болоод байгаа аж. Одоогоор уг үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах ажил ид хийгдэж байгаа бөгөөд ирэх гуравдугаар сард бэлэн болно гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан ярьж байна. Жилдээ 1.5 сая тонн Тамсагийн түүхий нефтийг боловсруулж 1.3 сая тонн шингэн түлш үйлдвэрлэх зорилготой энэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд Дорноговийн голдуу 1.5 мянган иргэн ажиллана гэдгийг ч тооцоолсон гэнэ. Гэтэл энэ үйлдвэр Тамсагийн цэнхэр хязгаарыг там болгож байгаа БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” компаниас өөрийнхөө нефтийг 30:70 харьцаагаар худалдаж авахаас өөр аргагүй байдалтай байгаа аж. Учир нь одоо мөрдөгдөж байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээ 2031 он хүртэл үргэлжлэх ёстой бөгөөд энэ гэрээнд заагдсанаар Монголын тал өөрийнхөө Тамсагийн түүхий нефтийг “Петрочайна Дачин Тамсаг”-аас худалдаж авахаас өөр аргагүй байдалтай байгаа ажээ. Ингэхээр ойрын 10 жилд Сайншандын нефть боловсруулах үйлдвэр төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй нь тодорхой болж байна.
Өөрийнхөө түүхий газрын тосыг БНХАУ-ын талд туйлын алдагдалтай байдлаар эзэмшүүлэх энэхүү Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг анх “Монгол газрын тос” компанийн Ерөнхий захирал асан Дообатын Сэнгээ гэгч “Соко Монгол инк” корпорацийн Ерөнхийлөгч Эдуард Т.Стори нар 1993 оны гуравдугаар сарын 29-ний өдөр байгуулсан түүхтэй. Иргэд олон нийтийн байгууллагын хувьд энэ гэрээг бүрэн эхээр нь уншихаас илүүтэй 25 зүйл, 95 хуудас бүхий энэхүү гэрээнд олборлож гаргасан бүтээгдэхүүнийг хоёр тал хэд хэдэн хувиар хуваахаар тохиролцсоныг мэдэхэд л ямархуу алдагдалтай, харалган гэрээ байгуулсан нь мэдрэгдэнэ. Гэхдээ Монгол
Улсад маш их алдагдалтай энэхүү Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Тогтвортой байдлын гэрээ биш тул У.Хүрэлсүхийн Засгийн газар, ялангуяа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар Газрын тосны хэрэг эрхлэх газрынхантайгаа сайн зөвлөлдөж, хууль эрх зүйгээ сайн судлаж байгаад зоригтой хөөцөлдвөл өөрчлөн сайжруулж болох бүрэн боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун нарын зэрэг олон гишүүн хэлж байгаа юм.
Яг манайх шиг байдалд ороод байсан Индонез улс хөрөнгө оруулагчидтайгаа гурван удаа халз тулж, зоригтой тэмцэлдсээр байгаад өнөөдөр өөрсдийн баялгийнхаа 71.1 хувьд нь эзэн сууж чадсан бэлээхэн сайн жишээ байж л байна. Гэтэл манайх өнөөдөр Тамсагийн түүхий нефтийнхээ дөнгөж 25-30 хувьд эзэн сууж байгаа нөхцөлд Сайншандад нефть боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд өөрийнхөө түүхий газрын тосны 70 хувийг Хятадын “Петрочайна Дачин Тамсаг”-аас юань, ам доллараар худалдан авч ашиггүй шахуу ажиллах нь тодорхой болоод байгаа юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан хоёр жил хэртэй судалгаа хийгээд “Татварын өмнөх ашиг нь жилдээ 138.7 сая ам доллар, цэвэр ашиг нь жилдээ 90.4 сая ам доллар, Хөрөнгө оруулалтын өгөөж нь 17.4 хувь байж хөрөнгө оруулалтаа 13-15 жилд нөхнө” гэсэн өөдрөг тооцоолол хийгээд байгаа Сайншандын нефть боловсруулах үйлдвэрийн 150 га газрыг тэгшлэх, 20 км төмөр зам тавих, ТЭЗҮ-г боловсруулах зэрэг ажилд Засгийн газар эхний ээлжинд 250 тэрбум төгрөг гаргахаар болоод байгааг зарласан. Сайншандын Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 507.000 тонн автобензин, 670.000 тонн дизелийн, 34.000 тонн онгоцны түлш, 151.000 тонн шингэрүүлсэн шатдаг хий, бас нефтийн кокс үйлдвэрлэх талаар ярьж байгаа. Өндөр хүчдэлийн шугам татах, зам тавих ажлууд нь ирэх зургаадугаар сараас эхэлж 3 жилийн дотор барьж байгуулахаар төлөвлөж байгаа энэ үйлдвэр лав л ойрын 10 жилд олигтой ашиггүй ажиллах нь тодорхой болж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор Дорноговийн голдуу 600 хүн байнгын ажилтай болох нь дажгүй сонсогдож байгаа ч өөрсдийнхөө түүхий тосыг Хятадуудаас эргүүлэн худалдаж авахаар болоод байгаа Бүтээгдэхүүн хуваах гэрээг яаралтай засч залруулахгүй бол Монголчуудын олон арван жилийн мөрөөдөл агаарт замхарч, ашиггүй үйлдвэрийн тоог нэгээр нэмэхээс өөр гавьтай гавьяа байгуулахгүй нь тодорхой болж байна. Уг нь Тамсагаас жилдээ олборлож байгаа 1.3 сая тонн түүхий нефть Монгол Улсын жилийн хэрэглээний 90 орчим хувийг өлхөн хангах хэдий ч 70 хувьд нь Хятадууд нэгэнт эзэн суучихсан өнөөдрийн хувьд Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэгч “Хадны мангаа” биднийг бас л дахин багалзуурдах нь тодорхой болж байна. Алсын хараагүй, харалган сохор Монголын дарга нар, улстөрчдийн гай балаг мөддөө дуусахгүй нь бололтой.
Энэтхэгийн “Эксим” банкнаас авах нэг тэрбум ам.долларын 700 саяыг нь боловсруулах үйлдвэр, 264 саяыг нь дамжуулах хоолой барихад зарцуулахаар төлөвлөөд байгаа гэдэг. Дорнодын Матад сум дахь Тамсагийн сав газраас Сайншанд руу 545 км нефтийн хоолой барьж, үйлдвэр рүү түүхий эд хүргэх бололтой. Уг нэг тэрбум ам долларын зээл нь 20 жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй дуулдсан.
Хамгийн гол нь дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор гадаадаас бензин шатахууны хараат байдлаас ангижирч, литр шатахууны бөөний үнэ 850-1159 төгрөг болох тооцоо гаргаад байгаа нь үнэхээр сайшаалтай ч Тамсагийн сав газраас олборлож байгаа түүхий газрын тосонд эзэн суучихаад байгаа “Петрочайна Дачин Тамсаг”-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг дахин нягтлан хэлэлцэж Монголын талын хувийг ядаж 50 хувьд хүргэхгүй бол Сайншандын нефть боловсруулах үйлдвэр төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй гэдэг нь тодорхой болж байна.
-
2018 оны 1 сарын 15
Үхрийн ястай мах нэг килограмм нь 6475 төгрөгийн үнэтэй байна
-
2018 оны 1 сарын 12
Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах бодлого хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө сангаа өөрчлөх, нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдээс тавьж байгаа санал, хүсэлтийг цаг алдахгүй, шуурхай хянан шийдвэрлэхэд онцгойлон анхаарч байна. Тиймээс энэ төрлийн санал, хүсэлтийг аль болох цөөн дамжлагаар хянаж, Хорооны даргын тушаалаар баталж байна.
Өнгөрөгч сард буюу 2017 оны 12 дугаар сард Хорооны дарга С.Даваасүрэн тушаал гаргаж, үнэт цаасны дөрвөн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэн шийдвэрлэлээ. Эдгээр компаниудын хоёр нь брокер, дилерийн, хоёр нь хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй юм.
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар үнэт цаасны зах зээлд Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх 50, давхардсан тоогоор андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх 22, хөрөнгө оруулалтын зөвлөх 14, хөрөнгө оруулалтын менежментийн 17 компани ажиллаж байна.
-
2018 оны 1 сарын 11
Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газар (ББСБГ)-аас тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж байна.
Хороо 2016 оны 10 дугаар сард ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэн 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоож, уг шийдвэр гарахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан байгууллагуудын хувьд хөрөнгөө үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг батлан мөрдүүлж буй. Энэ хуваарийн дагуу улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 534 ББСБ-ын 255 нь ирэх сарын 10 гэхэд хувь нийлүүлсэн хөрөнгөө нийслэлийнх нь 1.0 тэрбум, Орхон, Дархан-Уул аймгийн төвийнх нь 250.0 сая, бусад аймаг, сумдынх нь 70.0 сая төгрөгт хүргэхээр байна.
ББСБГ-аас мэдэгдэл илгээж буй дээрх 255 ББСБ-ын 220 нь нийслэлд, тав нь Орхон, Дархан уул аймгийн төвд, 30 нь бусад аймаг, сумдад ажиллаж байна.
Цаашид ББСБ-ууд жил бүрийн хоёрдугаар сарын 10-ны дотор хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр 2021 оны эх гэхэд нийслэлд 2.5 тэрбум, Орхон, Дархан-Уул аймгийн төвд 600.0 сая, бусад аймаг, сумдад 200.0 сая төгрөгт хүргэх юм.
-
2018 оны 1 сарын 11
Монголчуудыг 40 гаруй жил тэжээж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр өөртөө аваад удаагүй байна. “Монголын зэс” корпорацийн эзэмшиж байсан 49 хувийг Монголын төр өөртөө нэгтгэн авсныг хуучин эзэмшигчид нь мэдээж хүлээн зөвшөөрөхгүй Олон улсын Арбитрын шүүхэд хандахаар болоод байгаагаа зарласан. Гэтэл дуулиан намжаагүй байхад Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт”-ийн дээрх 49 хувиас ард иргэддээ 10 хувийг нь үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргачихлаа. Засгийн газрын энэ шийдвэр гарахаас өмнө дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ сүүлийн 15 сарын хугацаанд 45 хувиар өсч тонн тутамдаа 7000 ам доллар давсаныг зарлаад байсан юм. Уг нь Олон улсын шинжээчид зэсийн тонн тутмын тэнцвэртэй үнийг 6000-6200 ам доллар хэмээн тооцоолж байсан бол манай өмнөд хөрш БНХАУ-ын зэс худалдан авалт огцом нэмэгдсэнтэй уялдан дээрх огцом үнийн өсөлт болсныг тэмдэглэж байна. Хойшдоо 7000 ам доллар давсан үнийн өсөлт тогтвортой байж 2018 оны дунд үед бүр 7500 ам долларт хүрнэ гэдгийг Лондонгийн биржийн шинжээчид тайлбарлаж эхлээд байна. Зэсийн үнийн энэхүү огцом өсөлт “Алтан дээр суусан гуйлгачингууд” гэгдэж болох Монголчуудад тун таатай мэдээ гэдэг нь тодорхой. Ер нь яагаад ч юм МАН-ынхан засаглах бүрт дэлхийн зах зээл дээр ашигт малтмал, ялангуяа зэсийн үнэ дээд хэмжээндээ хүртэл өсдөг бичигдээгүй хууль бий. “Эдийн засаг 17 хувиар өслөө” хэмээн бархиралдаж байсан чухам тэр үед зэсийн үнэ ийнхүү дээд хэмжээндээ хүртэл өсч байсан удаатай.
Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн ордын 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай заалт байдаг. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд эхлээд “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, цаашдаа Олон улсын зах зээл дээр нээлттэй гаргахаар “Эрдэнэт”-ийг ХК болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд байгаа. Ингэхдээ мэдээж УИХ-аар асуудлыг оруулж байж шийдэх учиртай. Харин УИХ дээр МАН-ын 65-ын бүлэг чухам ямархуу шийдвэр гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа. Нөгөөтэйгүүр асуудлын эсрэг талд “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпораци Олон улсын хуулийн байгууллагад хандвал Монголчуудын 10 хувиа эзэмших асуудал тодорхойгүй хугацаагаар гацаанд орж таарна. Мэдээж “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байгаад Монголын төрд булаалгасан “Монголын зэс” корпораци энэ том хоолоо зүгээр тавиад туучихыг огтхон ч хүсэхгүй. Тэдэнд Олон улсын Арбитрын шүүхэд хандах бүрэн эрх нь нээлттэй байгаа. Түүнээс гадна “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалж “Стандарт” банкнаас зээлсэн 50-иад сая ам.долларын маргаан байгаа. Энэ бүхнийг Монголын төр зохицуулж дөнгөвөл дэлхийн зах зээл дээр тонн тутам нь 7000 ам долларыг даваад байгаа зэсийн үнээс “Алтан дээр суусан гуйлгачид” болох Монголын ард түмэн ам тосдож, хүн шиг амьдарч чаддаггүй юм гэхэд “Цаг цагтаа нэг цадаж, “Эрдэнэт”-ийн хишгээр хоёр цадах” боломжтой болох билээ.
Уг нь сайн цагийн “Хувьсгалын тохироо” бүрэлдэж л байна. Харин “Монголын зэс” корпораци, Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар хэрхэн хэл амаа ололцох, Монголын ард түмэн аль хэр аз хийморьтой байхаас бүх зүйл шалтгаалах болчихоод байна. Ямартай ч энэ 2018 онд Монголын “Саалийн үнээ” болсон “Эрдэнэт” тун өнгөтэй өөдтэй байх нь тодорхой боллоо. Одоо харах, хүлээх л үлдэж байна.
-
2018 оны 1 сарын 04
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын зэрэглэл тогтоогч Фитч, Стандард энд пүүрс, Мүүдиз агентлагуудаас тогтоож байна.
-
2018 оны 1 сарын 04
Засгийн газрын хуралдаанаар банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль
-
2018 оны 1 сарын 03
Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Анх удаа орон сууц худалдаж авсан болон
-
2018 оны 1 сарын 03
Төр төмөр нүүртэй гэх үг бий. Яг үнэндээ төрийн тэрхүү төмөр нүүрийг хачин ихээр үгүйлээд байна. Үгүйлэх болсон шалтгаан нь Авто худалдааны төвийг тойрсон асуудал. Хорин хоёрын товчоо өнгөрөнгүүт цементэлж зассан том талбай тов тодхон харагдах. Цогцолборын эхний хэсэгт 6000 гаруй автомашины зогсоол, түүнийг дагасан сэлбэг хэрэгслийн төв, банк санхүү, даатгал, даатгалын зуучлагч байгууллага, нотариат, Автотээврийн үндэсний төвийн салбар байрлахаар төлөвлөсний дагуу зөөврйин байшингууд ч баригдчихсан. 10 кв.т-ын цахилгаан дамжуулах агаарын, 04-ийн кабель шугамаар есөн ерөнхий самбарыг тэжээдэг. Далд шугамаар тэжээлийг өгөх замаар цахилгааныг шийдэж байна гэсэн үг л дээ.
Авто худалдааны цогцолбор нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 130 га талбайд байрлаж байгаа. Автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл гээд цогц үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Өөрөөр хэлбэл тун удахгүй нийслэлд төвлөрсөн автомашины олон захуудыг уг цогцолбор руу нүүлгэнэ. Цаашлаад орон нутгаас ирж буй автомашинууд нийслэл рүү орохгүйгээр шууд цогцолбор руу ирэх замыг шийдсэн. Товчхондоо нийслэлийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг бууруулах алтан боломж. Нарантуул захаас долоо дахин том газар нутагт байрлах тус төвд 11 мянга гаруй суудлын болон жийп, 1100 гаруй автобус, хүнд даацын автомашины худалдаа, сэлбэг хэрэгслийн 300 орчим павилон, үйлчлүүлэгчдийн 1500 орчим зогсоол, автомашины туршилтын талбай байрлана. Эхнээсээ байршаад эхэлчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн замын түгжрэлийг бодитойгоор сааруулж, иргэдэд автомашинтай холбоотой цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх гээд холбогдох албаныхан хэр чадлаараа л хичээж байна. Хачирхалтай нь худалдаачид шинэ цогболбор руу нүүхийг хүсэхгүй байна. Судалгаанаас харвал Улаанбаатар хотод авто худалдааны төвлөрсөн есөн том зах, 26 жижиг цэг үйл ажиллагаа явуулдаг. Худалдаачдын хэлж буйгаар тэнд 20-30 мянган хүний ажил, амьдрал өрнөж буй. Гэхдээ энэ зах, худалдааны цэгүүд нэг сая хүний эрүүл мэнд, эрх ашгийг зөрчөөд байна. Наад зах нь замын түгжрэл, утаа, тоос шороо, хог хаягдлын гол эх үүсвэрүүдийн нэг болоод буйг худалдаачид мэдэж, бид харж байгаа. Тэгсэн атлаа л худалдаачид өөрт нь ашигтай, өрөөлд тустай боломж олгож байхад нүүхгүй хэмээн эсэргүүцэж, бүр өлсөж цангаж, зам хааж дургүйцлээ илэрхийлнэ гэх...
Ямар гээчийн хувиа хичээсэн, утгагүй бодол вэ. Тэдний машин зарах эрхийг хааж боогоогүй, хэн ч хориглоогүй. Бас машинаа зар гээд хоосон газар руу хөөж гаргаагүй. Ажлын байрыг нь бэлдэж, хувийн өмчтэй болох нөхцөлийг ч бүрдүүлсэн. Тэгэхээр ийм сайхан саналыг үл тоож, том толгойлж байгаа хүмүүст төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй. Захиргааны хуулийн дагуу асуудлыг шийдэж ч болно. Газрыг нь албадан хурааж, дуудлага худалдаанд оруулах эрх ч төрд бий. Хотын удирдлагууд энэ эрхээ эдэлж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх хэрэгтэй. 20-30 мянган хүний асуудал, нэг сая хүний эрх ашиг аль нь чухал болохыг харуулах ёстой. Төрийн төмөр нүүрийг одоо л нэг ашиглачихъя. Түмний тусын тулд тэр шүү дээ.
З.Урсгал
-
2018 оны 1 сарын 01
Засгийн газар зарлагаа нэмж, 2.4 их наядын алдагдалтай төсөв батлуулсан. Үр дүнд нь өнөөдрөөс эхлэн та дараахь татварын нэмэгдэлд өртөх нь ээ. Тодруулбал, Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татвар өнөөдрөөс 10, 2019 оноос тав, 2020 оноос эхлэн таван хувиар тус тус нэмэгдэнэ. Мөн хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулна. Ингэснээр өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэх нь мэдээж. Үүнийг эсэргүүцэн уурхайчид хэвлэлийн бага хурал зарласан билээ. Гэхдээ л өнөөдрөс эхлэн сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2, сарын дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувийн татвар ногдуулах нь. Судалгаанаас харахад өнөөдрийн байдлаар 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 92 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх найм гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байгаа юм. Эл татвараас төсвийн орлого энэ онд 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84 мянган төгрөг байсан бол өнөөдрөөс 120 мянган төгрөг, 2019 онд 160 мянган төгрөг, 2020 онд 200 мянган төгрөг, 2021 онд 240 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээр болсныг дуулгая.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр долоо, 2018 онд тус бүр найм, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан. Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсны дагуу нэмэгдэх нь ээ.