Перугийн цагдаа нар биедээ 320 тарантула, 110 ширхэг жаран хөлт, есөн суман шоргоолж уяж бэхлэн хилээр гарах гэж байсан этгээдийг саатуулжээ.
28 настай Өмнөд Солонгосын иргэнийг арваннэгдүгээр сарын 08-нд Лима хотын Хорхе Чавес олон улсын нисэх онгоцны буудалд саатуулсан бөгөөд түүний гэдэс нь том байгааг албаныхан анзаарч, нэгжлэг хийсэн байна.
Нэгжлэгийн явцад түүний гэдсэнд бэхлэгдсэн цахилгаан цоожтой уутнаас олон зуун шавж олдсон байна.
Францаар дамжин Өмнөд Солонгос руу зорчиж явсан уг этгээдийг цагдаа нар даруй саатуулсан бөгөөд Перугийн байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх прокурор мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлээд байгаа аж.
Шавжнуудыг Перугийн Амазон дахь Мадре де Диос бүсээс авсан байх магадлалтай гэнэ. Тарантула аалз нь нэн ховордсон аалзны төрөл зүйл билээ.
Л.Баяр