
Гаднын улс орнууд баавгайн суурьшлын бүсэд ойртох, хот суурин газар болон айлын хашаанд орж ирэх, хүн рүү дайрах эрсдэл нэмэгдэх зэрэг асуудлыг зөвхөн баавгай агнах замаар шийддэггүй. Харин баавгайг хүнээс хол байлгах, хоол тэжээлийн эх үүсвэрийг нь хязгаарлах, эрсдэлтэй амьтныг хянах, иргэдийн аюулгүй байдлыг хангах гэсэн цогц арга хэмжээ авдаг. Улс орнуудын туршлагаас харахад дараах аргууд түгээмэл байна.
1. Япон: Баавгайн хөдөлгөөнийг хянаж, эрсдэлтэйг нь устгах арга хэмжээ авдаг
Япон улс, ялангуяа Акита, Иватэ, Хоккайдо зэрэг бүс нутагт баавгай суурин газарт орж ирэх асуудалтай тулгардаг.
Тус улс дараах арга хэмжээг хэрэгжүүлдэг.
-
Мэдээллийн систем: Баавгай үзэгдсэн байршил, хөдөлгөөний мэдээллийг оршин суугчдад шуурхай хүргэдэг.
-
Эргүүл, хяналт: Орон нутгийн мэргэжилтэн, анчдын баг ажиллуулж, баавгайн хөдөлгөөнийг хянадаг.
-
Цахилгаан хашаа: Сургууль, тариалангийн талбай, суурьшлын бүсийг хамгаалдаг.
-
Барих, нүүлгэн шилжүүлэх: Шаардлагатай тохиолдолд тусгай урхи ашиглан барьж, нөхцөл байдлаас шалтгаалан өөр газар шилжүүлдэг.
-
Устгал: Хүн рүү дайрах эрсдэлтэй, суурин газарт давтан орж ирдэг баавгайг тусгай зөвшөөрөлтэй хүмүүс агнах арга хэмжээ авдаг.
Япон улс 2025 оноос баавгайн дайралтаас сэргийлэх бодлогоо эрчимжүүлж, 2026 онд ч мэргэжлийн анчид, тусгай ажилтнуудын орон тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
2. АНУ: Баавгайг хүний хоол хүнснээс хол байлгах бодлого
АНУ-ын үндэсний паркуудад баавгайг хооллож сургахгүй байх зарчим баримталдаг.
Тухайлбал:
-
Хогийн савыг баавгай онгойлгож чадахгүй тусгай түгжээтэй хийдэг.
-
Аялал жуулчлалын бүсэд хоол хүнсээ зориулалтын хамгаалалттай саванд хадгалдаг.
-
Баавгайд хоол өгөхийг хатуу хориглодог.
-
Хүнээс айхаа больж, суурин газарт ойртож эхэлсэн баавгайг дуу чимээ, тусгай сум зэрэг айлгах аргаар үргээдэг.
-
Аялагчдад баавгай үргээгч шүршигч авч явахыг зөвлөдөг.
АНУ-ын Үндэсний паркийн албаны тайлбараар баавгай хүний хоол хүнсийг олж идэж сурвал тухайн газартаа дахин дахин ирэх, улмаар хүн рүү түрэмгийлэх эрсдэл нэмэгддэг.
3. Канад: Баавгайд зориулсан хогийн сав, цахилгаан хашаа
Канадын Альберта мужид BearSmart буюу хүн, баавгайн зөрчлийг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Энэ хүрээнд:
-
Иргэдэд баавгайд татагдах хүнсний хогийг ил задгай хаяхгүй байх шаардлага тавьдаг.
-
Баавгай нэвтэрч чадахгүй хогийн сав ашиглуулдаг.
-
Хогийн цэгүүдийг цахилгаан хашаагаар хамгаалдаг.
-
Сургууль, тоглоомын талбайн ойролцоох жимс, жимсгэний мод бутыг цэгцэлдэг.
-
Баавгай ойр ойрхон үзэгддэг орон нутагт иргэдийн оролцоотой тусгай хороо байгуулдаг.
Канадын Бритиш Колумби мужид тариалангийн талбай, айлыг хашаагаар хамгаалахыг үр дүнтэй арга гэж зөвлөдөг.
4. Румын: Тусгай баг ажиллуулж, аюулын түвшнээр нь шийдвэр гаргадаг
Румын улс Европ дахь хүрэн баавгайн томоохон популяцтай орны нэг. Суурин газарт баавгай орж ирэх асуудалтай холбоотойгоор 2021 онд шуурхай арга хэмжээний эрх зүйн зохицуулалт баталсан.
Тус улсын зохицуулалтаар:
-
Баавгайг эхлээд үргээх.
-
Шаардлагатай бол тайвшруулах тариагаар барьж, өөр газар шилжүүлэх.
-
Хүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа тохиолдолд устгах, эсвэл буудах арга хэмжээ авах.
Орон нутгийн удирдлага, жандарм, ан амьтан хариуцсан мэргэжилтэн, малын эмчээс бүрдсэн баг шуурхай ажилладаг. 2025 оны арваннэгдүгээр сард тус улсын зохицуулалтад нэмэлт өөрчлөлт оруулж, өндөр эрсдэлтэй тохиолдолд авах арга хэмжээг өргөжүүлсэн.
Л.Баяр






















































Сэтгэгдэл (4)