
Аймшгийн баяраар сүнс, чөтгөр, хий үзэгдлийн тухай олон түүх яригддаг. Гэвч Монголын түүхэнд зохиомол аймшгийн зохиолоос ч харгис, бодит амьдрал дээр өрнөсөн нэгэн эмгэнэлт түүх бий. Энэ бол 1930-аад оны их хэлмэгдүүлэлт. Хүмүүсийг шөнө дөлөөр гэрээс нь баривчилж, гэм буруугүй байхад нь цаазаар авч, сүм хийдийг нураан, бүхэл бүтэн гэр бүлийг өнчрүүлсэн тэр үе Монголын үндэсний ой санамжид өнөөг хүртэл хар толбо болон үлджээ.
Шөнө дунд хаалга тогших чимээнээс эхэлсэн айдас
1930-аад оны сүүлчээр Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсын хүчтэй нөлөөнд орж, Иосиф Сталины улс төрийн их цэвэрлэгээний давалгаа манай улсад хүрсэн юм. 1937 оны есдүгээр сарын 10-нд Монголын их хэлмэгдүүлэлтийн хамгийн өргөн хүрээтэй үе эхэлсэн гэж үздэг. Тухайн үеийн төрийн эрх баригчид өөрсдийг нь эсэргүүцсэн, эсэргүүцэж болзошгүй хүмүүсийг хүртэл "Японы тагнуул", "хувьсгалын эсэргүү", "ард түмний дайсан" хэмээн буруутгаж байв.
Хамгийн аймшигтай нь, хэн ч маргааш өглөө гэр бүлтэйгээ хамт сэрэх эсэхээ мэдэхгүй болсон байлаа. Шөнө дөлөөр хаалга тогшиход хүмүүс ойр дотнын хүнээ дахин хэзээ ч харахгүй байж мэднэ гэдгээ ойлгодог байв. Баривчлагдсан хүмүүсийн дунд төрийн өндөр албан тушаалтнууд, цэргийн дарга нар, эрдэмтэн сэхээтнүүд, зохиолчид, лам хуврагууд төдийгүй энгийн малчид, жирийн иргэд ч байсан юм.
Хэргийг нь мөрдөн шалгахдаа хүчээр мэдүүлэг авах, бусдыг нэрлүүлэх, зохиомол хэрэг тулгах явдал газар авчээ. Улмаар олон хүнийг шүүхийн шийдвэрээр цаазаар авч, заримыг нь олон жилийн хорих ялд шийтгэсэн байна.
20 мянга гаруй хүний амийг авч одсон цуст хядлага
![]()
Монголын их хэлмэгдүүлэлтийн хохирогчдын тоо өнөөдрийг хүртэл түүхчдийн судалгааны сэдэв хэвээр байна. 1997 онд тухайн үеийн УИХ-ын дэд дарга, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах комиссын дарга Ц.Элбэгдоржийн мэдээлснээр, 1937 оноос эхэлсэн хэлмэгдүүлэлтийн эхний 18 сарын хугацаанд л гэхэд 20,474 хүнийг цаазаар авсан байжээ. Энэ тоо нь тухайн үед цагаатгагдсан хүмүүсийн бүртгэлд үндэслэсэн бөгөөд нийт хохирогчдын тоог бүрэн илэрхийлэхгүй юм.
Зарим түүхч 1930-1940-өөд оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн улмаас нийт 30-35 мянган хүн амиа алдсан гэж тооцдог.
Тэдний дунд Монголын төр, цэргийн удирдлагын олон нэр хүндтэй хүн байв. Тухайлбал, Ерөнхий сайд асан А.Амар 1939 онд баривчлагдан ЗХУ-д хүргэгдэж, цаазаар авахуулсан. Батлан хамгаалахын сайд Г.Дэмид ч 1937 онд ЗХУ руу явах замдаа учир битүүлгээр нас барсан юм. Эдгээр үйл явдал тухайн үеийн төрийн удирдлагын дээд түвшинд хүртэл айдас, хардлага хэрхэн ноёрхож байсныг харуулдаг.
Үндэстний оюун санааны өвийг устгасан нь

Их хэлмэгдүүлэлт зөвхөн хүмүүсийн амь насыг авч одоогүй. Монголын олон зуун жилийн шашин, соёл, боловсролын өвд нөхөж баршгүй хохирол учруулсан юм. Тухайн үед Монголд буддын шашны олон мянган лам хувраг амьдарч, сүм хийдүүд нь шашин номын төдийгүй боловсрол, соёл, урлаг, анагаах ухааны төв болж байв. Гэвч 1937-1939 оны хэлмэгдүүлэлтийн үеэр лам нарыг олноор нь баривчилж, цаазаар авч, сүм хийдүүдийг хаан нурааж эхэлжээ.
Радио Чөлөөт Европын судалгаанд дурдсанаар, энэ үеэр ойролцоогоор 17 мянган ламыг цаазаар авч, 700 гаруй сүм хийдийг устгасан байна. Харин Монголын сүм хийдийн өвийг баримтжуулах олон улсын төслийн судалгаагаар устгагдсан шашны байгууламжийн тоо 1000-аас давсан байж болзошгүй гэж үздэг.
Ингэснээр олон зуун жилийн турш хадгалагдсан судар ном, бурхан шүтээн, урлагийн бүтээл, архитектурын дурсгалууд устаж үгүй болсон юм.
Айдас зөвхөн амь үрэгдэгсдээр дуусаагүй

Хэлмэгдүүлэлтийн хамгийн эмгэнэлтэй үр дагаврын нэг нь амьд үлдсэн хүмүүсийн хувь заяа байлаа. Баривчлагдсан хүмүүсийн ар гэрийнхнийг ч мөн адил сэжиглэж, заримыг нь мөрдөн шалгаж, нийгмээс тусгаарлаж байв. Хүүхдүүд эцэг эхээсээ хагацаж, эхнэр нөхрүүд бие биеэ алдаж, олон гэр бүл насан туршдаа хайртай хүмүүсийнхээ хувь заяаг мэдэлгүй үлджээ.
Тэр үеийн хүмүүс гэр бүлийнхээ хэлмэгдсэн гишүүний талаар ил тод ярихаас ч эмээдэг байв. Хэлмэгдсэн хүний үр хүүхэд, төрөл төрөгсөд нь хүртэл ялгаварлан гадуурхалтад өртөж, зарим нь эцэг эхийнхээ нэрийг олон арван жил нууцалж амьдарсан түүхтэй.
1990 онд Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэний дараа хэлмэгдүүлэлтийн түүхийг ил тод судлах, архивын баримтыг нээх, хэлмэгдэгсдийг цагаатгах ажил эрчимжсэн. 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль батлагдсан юм.
Өдгөө Монгол Улсад жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Хэлмэгдүүлэлтийн хохирогчдын дурсгалд зориулсан хөшөө дурсгал, музей, архивын баримтууд нь өнгөрсөн үеийн гашуун үнэнийг хойч үед сануулсаар байна.
Аймшгийн баяраар бид хий үзэгдэл, мангас, сүнсний тухай түүх ярьж болно. Гэвч Монголын түүхэнд хүний гараар бүтсэн энэ аймшигт явдлыг мартах учиргүй. Учир нь тухайн үед амь үрэгдсэн хүмүүс бол үлгэрийн баатрууд биш, бидний өвөг дээдэс, эрдэмтэн мэргэд, лам хуврагууд, эх орныхоо төлөө зүтгэж явсан хүмүүс байлаа.
Л.Баяр





















































