
2011 оны аравдугаар сарын 31-нийг НҮБ дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрсэн түүхэн үе хэмээн онцолж байв. Түүнээс хойш 15 жилийн хугацаанд хүн төрөлхтний тоо нэг тэрбум гаруйгаар нэмэгдэж, дэлхийн хүн амын насны бүтэц, төрөлт, хотжилт, шилжилт хөдөлгөөнд томоохон өөрчлөлт гарчээ. Хүн төрөлхтөн хэдэн зуун мянган жилийн турш өсөж, 1800-аад оны эхээр нэг тэрбумд хүрсэн бол 20 дугаар зууны хоёрдугаар хагаст хүн амын өсөлт эрчимжсэн юм. Улмаар 1987 онд таван тэрбум, 1999 онд зургаан тэрбум, 2011 онд долоон тэрбум, 2022 оны арваннэгдүгээр сард найман тэрбумын босгыг давжээ.
НҮБ-ын Хүн амын сангийн мэдээллээр, дэлхийн хүн амын өсөлтөд анагаах ухааны дэвшил, хүүхдийн болон эхийн эндэгдэл буурсан, хүмүүсийн дундаж наслалт нэмэгдсэн зэрэг хүчин зүйл голлон нөлөөлсөн байна. 2011 онд дэлхийн хүн ам долоон тэрбум орчим байсан бол АНУ-ын Хүн амын тооллогын товчооны 2026 оны тооцоогоор энэ үзүүлэлт 8.2 тэрбумыг давж, долдугаар сард 8.2 тэрбум орчимд хүрсэн байна. НҮБ-ын 2024 оны хүн амын төсөөллөөр 2024 онд дэлхийн хүн ам 8.2 тэрбум байсан бөгөөд цаашид 2080-аад оны дунд үед 10.3 тэрбум орчимд хүрч оргилдоо хүрэх төлөвтэй байна.
Гэхдээ дэлхийн хүн амын өсөлт улс орон бүрд ижил биш байна. Африкийн зарим оронд төрөлт өндөр хэвээр байгаа бол Европ болон Зүүн Азийн олон оронд төрөлт буурч, хүн ам хөгширч байна. НҮБ-ын мэдээллээр, 1990 оны орчимд нэг эмэгтэй дунджаар 3.3 орчим хүүхэд төрүүлдэг байсан бол 2024 он гэхэд дэлхийн төрөлтийн дундаж түвшин 2.3 орчим болж буурчээ. Дэлхийн улс орон, бүс нутгийн талаас илүү хувьд нэг эмэгтэйд ногдох төрөлт хүн амаа урт хугацаанд тогтвортой хадгалахад шаардлагатай 2.1-ээс доогуур болсон байна.
Үүний зэрэгцээ хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэж, өндөр настнуудын эзлэх хувь өсөж байна. НҮБ-ын тооцоогоор дэлхийн дундаж наслалт 2024 онд 73.3 жилд хүрсэн нь COVID-19 цар тахлын үеийн 70.9 жилийн үзүүлэлтээс өссөн дүн юм.
Мөн 2024 оны байдлаар Хятад, Герман, Япон, ОХУ зэрэг 63 улс, бүс нутгийн хүн амын тоо оргилдоо хүрээд буурах шатандаа оржээ. Хүн амын өсөлттэй зэрэгцэн хот суурин газрын хүн ам нэмэгдэж, дэлхийн хотжилт эрчимжсэн байна. 2007 онд түүхэнд анх удаа дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хотод амьдрах болсон бөгөөд НҮБ-ын төсөөллөөр 2050 он гэхэд дэлхийн хүн амын 68 орчим хувь нь хот суурин газарт амьдрах төлөвтэй байна.
Энэ нь орон сууц, дэд бүтэц, нийтийн тээвэр, эрчим хүч, усан хангамж, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг улс орнуудын өмнө улам хурцаар тавьж байгаа юм. НҮБ-ын 2024 оны “World Population Prospects” тайланд дурдсанаар дэлхийн хүн ам 2080-аад оны дунд үед 10.3 тэрбум орчимд хүрч оргилдоо хүрээд, улмаар аажмаар буурах төлөвтэй байна. Энэ нь өмнөх арван жилийн төсөөллөөс өөрчлөгдсөн үзүүлэлт бөгөөд төрөлтийн түвшин хүлээлтээс хурдан буурч байгаатай холбоотой аж.
Долоон тэрбумын босгыг давсан 2011 оноос хойш хүн төрөлхтөн нэг тэрбум гаруйгаар нэмэгдсэн ч ирээдүйн гол сорилт зөвхөн хүн амын тоо биш болжээ. Харин өсөн нэмэгдэж буй хүн амыг хэрхэн орон сууц, эрүүл мэнд, боловсрол, цэвэр ус, хүнсээр хангах, нөгөө талаас насжилт болон төрөлтийн бууралтад хэрхэн дасан зохицох асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Л.Баяр






















































Сэтгэгдэл (5)