Төр төмөр нүүртэй гэх үг бий. Яг үнэндээ төрийн тэрхүү төмөр нүүрийг хачин ихээр үгүйлээд байна. Үгүйлэх болсон шалтгаан нь Авто худалдааны төвийг тойрсон асуудал. Хорин хоёрын товчоо өнгөрөнгүүт цементэлж зассан том талбай тов тодхон харагдах. Цогцолборын эхний хэсэгт 6000 гаруй автомашины зогсоол, түүнийг дагасан сэлбэг хэрэгслийн төв, банк санхүү, даатгал, даатгалын зуучлагч байгууллага, нотариат, Автотээврийн үндэсний төвийн салбар байрлахаар төлөвлөсний дагуу зөөврйин байшингууд ч баригдчихсан. 10 кв.т-ын цахилгаан дамжуулах агаарын, 04-ийн кабель шугамаар есөн ерөнхий самбарыг тэжээдэг. Далд шугамаар тэжээлийг өгөх замаар цахилгааныг шийдэж байна гэсэн үг л дээ.
Авто худалдааны цогцолбор нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 130 га талбайд байрлаж байгаа. Автомашины худалдаа, сэлбэг хэрэгсэл гээд цогц үйлчилгээг иргэдэд хүргэнэ. Өөрөөр хэлбэл тун удахгүй нийслэлд төвлөрсөн автомашины олон захуудыг уг цогцолбор руу нүүлгэнэ. Цаашлаад орон нутгаас ирж буй автомашинууд нийслэл рүү орохгүйгээр шууд цогцолбор руу ирэх замыг шийдсэн. Товчхондоо нийслэлийн толгойны өвчин болсон замын түгжрэлийг бууруулах алтан боломж. Нарантуул захаас долоо дахин том газар нутагт байрлах тус төвд 11 мянга гаруй суудлын болон жийп, 1100 гаруй автобус, хүнд даацын автомашины худалдаа, сэлбэг хэрэгслийн 300 орчим павилон, үйлчлүүлэгчдийн 1500 орчим зогсоол, автомашины туршилтын талбай байрлана. Эхнээсээ байршаад эхэлчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн замын түгжрэлийг бодитойгоор сааруулж, иргэдэд автомашинтай холбоотой цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх гээд холбогдох албаныхан хэр чадлаараа л хичээж байна. Хачирхалтай нь худалдаачид шинэ цогболбор руу нүүхийг хүсэхгүй байна. Судалгаанаас харвал Улаанбаатар хотод авто худалдааны төвлөрсөн есөн том зах, 26 жижиг цэг үйл ажиллагаа явуулдаг. Худалдаачдын хэлж буйгаар тэнд 20-30 мянган хүний ажил, амьдрал өрнөж буй. Гэхдээ энэ зах, худалдааны цэгүүд нэг сая хүний эрүүл мэнд, эрх ашгийг зөрчөөд байна. Наад зах нь замын түгжрэл, утаа, тоос шороо, хог хаягдлын гол эх үүсвэрүүдийн нэг болоод буйг худалдаачид мэдэж, бид харж байгаа. Тэгсэн атлаа л худалдаачид өөрт нь ашигтай, өрөөлд тустай боломж олгож байхад нүүхгүй хэмээн эсэргүүцэж, бүр өлсөж цангаж, зам хааж дургүйцлээ илэрхийлнэ гэх...
Ямар гээчийн хувиа хичээсэн, утгагүй бодол вэ. Тэдний машин зарах эрхийг хааж боогоогүй, хэн ч хориглоогүй. Бас машинаа зар гээд хоосон газар руу хөөж гаргаагүй. Ажлын байрыг нь бэлдэж, хувийн өмчтэй болох нөхцөлийг ч бүрдүүлсэн. Тэгэхээр ийм сайхан саналыг үл тоож, том толгойлж байгаа хүмүүст төрийн төмөр нүүрийг харуулах хэрэгтэй. Захиргааны хуулийн дагуу асуудлыг шийдэж ч болно. Газрыг нь албадан хурааж, дуудлага худалдаанд оруулах эрх ч төрд бий. Хотын удирдлагууд энэ эрхээ эдэлж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх хэрэгтэй. 20-30 мянган хүний асуудал, нэг сая хүний эрх ашиг аль нь чухал болохыг харуулах ёстой. Төрийн төмөр нүүрийг одоо л нэг ашиглачихъя. Түмний тусын тулд тэр шүү дээ.
З.Урсгал
Сэтгэгдэл (36)