Монгол,Франц улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор Монгол Улсын ССАЖЗЯ, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран зохион байгуулж, Францын Нант хотноо дэлгэгдсэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн Францын алдарт Historia сэтгүүлийн 2024 оны "Шилдэг үзэсгэлэн" шагналыг хүртлээ.
1909 оноос хойш түүхийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй Historia сэтгүүл нь 2010 оноос эхлэн үйл ажиллагаа, үзэсгэлэн, кино, шоу урлаг зэрэг салбарт түүхийг бүтээхэд оролцож буй оролцогчдыг урамшуулах зорилгоор нэрэмжит шагналаа гардуулж эхэлжээ.
Шагналыг салбарын нэр хүндтэй шүүгчдийн бүрэлдэхүүн Historia сэтгүүлтэй хамтран шүүдэг бөгөөд энэ жил түүхэн ном, түүх уншигчдын шагнал, жүжиг, комик зураг, үзэсгэлэн, дэлгэц, инновац, шилдэг гэсэн 8 номинацид сонгон шалгаруулалт явуулсан байна.
Шүүгчдийн зүгээс уг үзэсгэлэнг Монголын түүх болон Их эзэн Чингис хааны тухай Франц төдийгүй Европт гарсан хамгийн чухал үзэсгэлэн байсныг онцолж, Монголын түүхээс гадна Pax Mongolica-г дэлхийн түүхэнд урьд хожид байгаагүй худалдааны өндөр ач холбогдолтой даяарчлал гэж өнөө үед үзэж болохыг дэлгэн харуулсан хэмээн онцлов.
Чингис хаан Үндэсний музей нь 2024 онд АНУ-ын Үндэсний Газарзүйн нийгэмлэгийн сэтгүүлд дэлхийн очиж үзэх ТОП-20 газрын нэгээр шалгарсан бол, дахин хамтран зохион байгуулсан уг үзэсгэлэн Европд Түүхийн (Historia) сэтгүүлийн шилдгээр ийнхүү шалгарч амжилт үзүүллээ.
2025 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Чехийн Прага хотноо, 2026 оны 10 дугаар сард Берлин хотноо уг үзэсгэлэнг дэлгэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Эх сурвалж: Чингис хааны музей