
Африкийн хамгийн өндөр орлого олсон кино найруулагч, жүжигчин Фүнкэ Акинделэ арванхоёрдугаар сард шинэ бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зэхэж байна. Түүний амжилт Нигерийн “Нолливуд” кино урлагийг олон улсын тавцанд гаргахад чухал нөлөө үзүүлж буй.
Нигерийн жүжигчин, кино найруулагч, продюсер, зохиолч Фүнкэ Акинделэ арванхоёрдугаар сарын 11-нд “The Four: No One Fights Alone” хэмээх шинэ киногоо нээх гэж байна. Энэ нь түүний томоохон кино театруудаар гаргах найм дахь бүрэн хэмжээний бүтээл бөгөөд хайртай хүүгийнхээ ирээдүйн төлөө тэмцэж буй дөрвөн хүчирхэг эмэгтэйн тухай өгүүлэх аж.
Тэрбээр бүтээлүүддээ Нигери болон Африкийн нийгэм, соёлын онцлогийг тусгахын зэрэгцээ олон улсын үзэгчдэд ойлгомжтой, дэлхийн жишигт нийцсэн хэлбэрээр хүргэхийг зорьдог тухайгаа CNN-д ярьжээ. Акинделэгийн 2025 онд гаргасан “Behind the Scenes” кино хоёр тэрбум найра буюу ойролцоогоор 1.6 сая ам.долларын орлого олсон нь Нолливудын кино урлагийн түүхэнд анх удаа ийм босгыг давсан бүтээл болжээ. Тус кино Netflix платформоор цацагдсанаар олон улсын үзэгчдэд хүрсэн байна.

Мөн түүний 2023 оны “A Tribe Called Judah” кино Нигерийн кино театруудаас нэг тэрбум найраас давсан орлого олсон анхны Нолливудын бүтээл болсон юм. Акинделэ ийнхүү гурван жил дараалан Нигерийн киноны орлогын жагсаалтыг тэргүүлсэн Африкийн анхны кино бүтээгч болжээ.
Түүний амжилтын эхлэл 2008 онд гарсан “Jenifa” кинотой холбоотой. Хотод их сургуульд суралцахаар ирсэн хөдөөний бүсгүйн тухай өгүүлэх уг бүтээл жүжигчнийг олны танил болгосон юм. Тэрбээр цаашид “Jenifa” цувралаа үргэлжлүүлж, 2024 онд “Everybody Loves Jenifa” киног бүтээсэн бөгөөд уг бүтээлээ хамгийн өндөр өртгөөр хийсэн кино нь гэж тодорхойлжээ.
ЮНЕСКО-гийн мэдээллээр Нигерийн кино үйлдвэрлэл жилд 2,500 гаруй кино бүтээдэг бөгөөд үйлдвэрлэсэн киноны тоогоор дэлхийд Энэтхэгийн дараа ордог. Тус салбар нэг сая гаруй хүнийг ажлын байраар хангадаг байна.

Гэсэн ч Африкийн кино уран бүтээлчдэд тулгардаг гол бэрхшээл нь бүтээлээ олон улсын зах зээлд түгээх асуудал гэдгийг Акинделэ онцолжээ. Тэрбээр дэлхийн бусад орны кино бүтээгчидтэй хамтран ажиллах нь технологи, үйлдвэрлэлийн стандарт, түгээлтийн туршлага солилцох боломж нээнэ гэж үзэж байна. Акинделэ зөвхөн өөрийн амжилтаар хязгаарлагдахгүй, бусад эмэгтэй уран бүтээлчдэд боломж олгож, тэдний дуу хоолойг дэлхийд хүргэх платформ бий болгохыг хүсдэгээ илэрхийлжээ.
Л.Баяр


















































