
Казахстаны нийслэл Астана хотод болсон 2026 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өндөрлөж, Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд багийн дүнгээр эхний аравт багтлаа.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн шигшээ баг 35 оноо цуглуулж, есдүгээр байрт шалгарсан бол эмэгтэйчүүдийн баг 74 оноогоор долдугаар байрт жагсжээ. Манайхаас эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд МУГТ Т.Тулга ДАШТ-ий гурав дахь буюу хоёр дахь хүрэл медалиа хүртэв. ОУХМ О.Сүлдхүү, Б.Мөнх-Эрдэнэ нар шагналт тавдугаар байрт орлоо. Харин эмэгтэйчүүдээс ОУХМ Э.Даваанасан, Х.Болортуяа нар хүрэл медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр АНУ 194 оноогоор тэргүүлж, ОХУ 185 оноогоор хоёрдугаарт, Иран 133 оноогоор гуравдугаарт орсон байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд АНУ 137, Япон 135, БНХАУ 121 оноогоор эхний гурван байрыг эзэлжээ.
Монголын шигшээ багуудын амжилтыг өнгөрсөн жилийн ДАШТ-тэй харьцуулахад эзэлсэн байр нь өөрчлөгдөөгүй байна. 2025 онд Хорватын Загреб хотод болсон дэлхийн аваргад эрэгтэй баг 30 оноогоор есдүгээр, эмэгтэй баг 65 оноогоор долдугаар байрт шалгарч байв.
Харин энэ жил эрэгтэй баг тав, эмэгтэй баг есөн оноогоор амжилтаа ахиулжээ. Ийнхүү манай хоёр шигшээ баг багийн чансааны байраа хадгалахын зэрэгцээ цуглуулсан оноогоо нэмэгдүүлсэн үзүүлэлттэй ДАШТ-ийг өндөрлүүллээ.
Л.Баяр






















































