
М-Си-Эс Групп монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготойгоор “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр 2019 оноос санаачлан хэрэгжүүлж буй билээ. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд, Сэцэн хааны ордон тэргүүтэй нийт 15 төсөлд 3.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, төслийн удирдлагыг амжилттай гүйцэтгэж байна.
100 гаруй жилийн түүхтэй, соёлын чухал өв болсон Чойжин ламын сүм музейд өнгөрсөн жилүүдэд 2 га эдэлбэр газрын тохижилтын төслийг хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 м.кв ногоон байгууламж, 1500 м.кв авто зогсоол, 1600 м.кв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлэг суурилуулсан. Мөн сүм музейн барилгын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлалтын төлөвлөгөө боловсруулах, Ядам сүм ба Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төсвийг боловсруулах, Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн бол энэ удаа тус музейн “гадна гэрэлтүүлгийг шинэчлэх” төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэн өнгөрсөн баасан гарагт гэрлийг асааж, төслийн нээлтийг хийлээ.

Чойжин ламын сүм музейн гадна гэрэлтүүлгийн зураг төсөл, төсвийг Итали улсын гэрэлтүүлгийн технологийн тэргүүлэгч iGuzzini брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Аззурра” компанитай хамтран боловсруулж, гүйцэтгэгчээр “Смарт & Симпл” компани ажилласан бөгөөд ССАЖЯ, Соёлын өвийн үндэсний төв, Чойжин ламын сүм музейн төлөөлөл болон захиалагчийн бүрэлдэхүүнээс бүрдсэн ажлын хэсэг хэрэгжилтэд хяналт тавин ажилласан байна.
Музейн гадна орчны гэрэлтүүлгийг шинэчлэх нь соёлын өвийн орчны аюулгүй байдлыг сайжруулах, музейн орон зайн хүртээмж, үзэмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотын түүхэн дүр төрх, соёлын аялал жуулчлалын орчныг баяжуулахад чухал хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн түүхэн дурсгалт барилгын архитектурын онцлог, ур хийц, дүр төрх, соёлын давтагдашгүй үнэ цэнийг илүү тодотгон харуулах боломж бүрдэж байна.






















































