
АНУ-ын Флорида мужийн Палм-Бич тойрогт арваннэгдүгээр сарын 1-ний ням гарагт хувийн бизнес ангиллын онгоц осолдож, онгоцонд зорчиж явсан есөн хүн бүгд амиа алджээ. Онгоц хүн ам суурьшсан бүсэд унаж, хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан байна.
Холбооны нисэхийн захиргаа (FAA)-ны мэдээлснээр, осолдсон онгоц нь Learjet 60 загварын хувийн нисэх онгоц байжээ. Тус онгоц Техас мужийн Остин хотын Остин-Бергстромын олон улсын нисэх буудлаас хөөрч, Багамын арлуудын Норт-Элеутера нисэх буудлыг чиглэн нисэж байсан аж.
Орон нутгийн цагаар 12:50 цагийн орчимд Палм-Бич тойргийн Крестхейвен орчимд осол гарсан байна. Онгоц газарт хүчтэй унаж, зам дээр томоохон хонхор үүсгэн, улмаар галын бөмбөлөг болон дэлбэрчээ. АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи онгоцонд байсан бүх хүн амь үрэгдсэнийг баталж, болсон явдлыг эмгэнэлт осол хэмээн тодорхойлсон байна.
Флорида мужийн захирагч Рон Десантис ослын газарт очиж ажиллах үеэрээ онгоц пуужин мэт өндөр хурдтайгаар газарт унасан бөгөөд замын хажууд том хэмжээний хонхор үүсгэсэн талаар ярьжээ. Мөн ослын улмаас газар дээр байсан иргэд амь үрэгдсэн, гэмтсэн гэх мэдээлэл одоогоор бүртгэгдээгүй байна.
Гэсэн хэдий ч ослын ойролцоох зөөврийн сууцны хорооллоос 600 орчим хүнийг урьдчилан нүүлгэн шилжүүлжээ.
Ослын өмнөх нисгэгчийн нислэгийн удирдлагатай хийсэн радио ярианд онгоцны далавчинд мөс тогтож, агаарын хүнд нөхцөл үүссэн тухай дурдсан байна. Улмаар онгоц өндрөө огцом алдаж, нисгэгч ослын дохио өгчээ. Нислэгийн мэдээллээс үзэхэд онгоц нэг минутын дотор 27 мянган фут буюу ойролцоогоор 8.2 километр өндрөө алдсан байна. Одоогоор ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй бөгөөд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа болон Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл хамтран шалгаж эхэлжээ.


















































