
Чингис хаан Үндэсний музейгээс Италийн Турин хотын Дорно Дахины Урлагийн музейтэй хамтран “Монголчуудын ертөнц:Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнгээр дамжуулан Чингис хаан болон Монголын эзэнт улсын хаадын ивээл дор Өрнө дорнын соёл урлаг, уран баримал, шаазан эдлэлийн урлал, барилга архитектур хэрхэн хөгжсөн, мөн монгол хаад өөрсдийн нүүдэлчдийн соёл, уламжлал, хэв маягийг хадгалан авч үлдсэнийг харуулж буй юм.
Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаадын түүх соёлд хамаарах дурсгалуудыг хадгалж буй Итали улсын Турин хотын Дорно дахины Урлагийн музейтэй хамтран 13 дэсийн 13 үзмэрийг тусгай үзэсгэлэнгийн танхимд дэдгэн үзүүлж байна.
Монголчууд Европын улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улс, түүний бүрэлдэхүүн улс болох Ил Хаант улсын өв соёлтой холбоотой ховор нандин дурсгалуудыг эх нутагтаа үзэх боломжийг Чингис хаан Үндэсний музейгээс үзэгчдэдээ олголоо.

Мөн Монголын эзэнт улсын үед холбогдох өв дурсгалуудаар эх нутагтаа үзэсгэлэн зохион байгуулж, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлын аялал жуулчлалын хөгжилд чухал хөшүүрэг болох эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой.
Тус үзэсгэлэн Монголын эзэнт улс, Монголын соёлыг дэлхийд сурталчлах том үүд болох бөгөөд, тус музейд олон улсын өндөр түвшний үзэсгэлэнг эх нутагтаа, анх удаа зохион байгуулснаар дэлхийн шилдэг өвүүд, Монгол өв соёлын тусгай үзэсгэлэнг цаашид зохион байгуулах үүдийг нээсээр байна.
Дашрамд мэдээлэхэд, МАО нь Итали улсын Турин хот дахь Дорно Дахины урлагийн музей (Museo d’Arte Orientale) бөгөөд Европ дахь Азийн урлагт зориулсан томоохон музейн нэг бөгөөд 2008 онд хотын төвд орших түүхэн Палаццо Маццонис ордонд нээгдсэн байна.

Музейн цуглуулгууд нь Өмнөд Ази, Хятад, Япон, Гималайн бүс нутаг болон Исламын ертөнцийг хамардаг. МАО нь Торино музейн сангийн (Fondazione Torino Musei) бүрэлдэхүүнд багтдаг, уг сан нь Чингис хаан Үндэсний музейтэй хамтран өнгөрсөн хоердугаар сард Турин хотод “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэн зохион байгуулсан бол, одоо Улаанбаатарт болох "Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг" үзэсгэлэнг ийнхүү нээж байна.





















































Сэтгэгдэл (1)