
Дэлхийн дулаарлыг бууруулах асуудлаарх НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн 31 дүгээр бага хурал (COP31) Туркийн Анталья хотод хоёр долоо хоног гаруй үргэлжилсний эцэст нэгдсэн тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөлөө. 2026 оны арваннэгдүгээр сарын 22-нд өндөрлөсөн тус хурал нь НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн дээд хэмжээний уулзалт болсон ч дэлхийн улс орнууд уур амьсгалын хямралын гол шалтгаан болох чулуужсан түлшний хэрэглээг бууруулах асуудлаар санал нэгдэж чадсангүй.
Хуралдааны гол маргаан нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээнээс үе шаттай татгалзах асуудал байв. Анх танилцуулсан гэрээний төсөлд эрчим хүчний системд чулуужсан түлшний хэрэглээнээс нэн даруй шилжих тухай заалт тусгасан байсан ч дараагийн хувилбаруудаас уг заалтыг бүрэн хасжээ.
Үүнийг Европын Холбоо, Панам, Маршаллын арлууд, Норвеги зэрэг улс эсэргүүцсэн байна. Ирландын Уур амьсгалын сайд Дараг О'Брайен Европын Холбоог төлөөлөн хэлэхдээ, чулуужсан түлшийг огт дурдаагүй гэрээг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Түүнчлэн хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудал маргаан дагуулсан юм. Эдгээр улс байгалийн гамшиг, үер, ган гачгийн хохирлыг бууруулахад шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг чинээлэг орнуудаас хүссэн боловч тодорхой хэмжээний санхүүжилтийн амлалт авч чадсангүй.
НҮБ-ын тайланд дурдсанаар, одоогийн бодлого хэвээр үргэлжилбэл энэ зууны эцэс гэхэд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 2.8 хэмээр нэмэгдэх эрсдэлтэй байна. Харин Парисын хэлэлцээрээр дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах зорилт дэвшүүлсэн билээ.
Уур амьсгалын асуудлаарх судалгааны байгууллага Power Shift Africa-ийн захирал Мохамед Адов COP31-ийг манлайллын хувьд урьд өмнө байгаагүй томоохон бүтэлгүйтэл хэмээн тодорхойлж, энэхүү үр дүн дэлхий нийтэд сэрэмжлүүлэг болох ёстойг онцолжээ. Хэдийгээр 90 гаруй улс эдийн засгийнхаа цахилгаанжуулалтыг эрчимжүүлэх амлалтад нэгдсэн ч дэлхийн улс орнуудын нэгдсэн шийдвэрт хүрэх оролдлого ийнхүү бүтэлгүйтэв. Дараагийн уур амьсгалын дээд хэмжээний уулзалтаар шийдвэрлэх шаардлагатай гол асуудлуудын нэг нь чулуужсан түлшнээс татгалзах бодлого болон хөгжиж буй орнуудын санхүүжилт хэвээр үлдлээ.
Л.Баяр
























































