
Иран болон АНУ-ын хооронд үргэлжилж буй дайны нөхцөлд Ормузын хоолой болон ойр орчмын усан бүсэд худалдааны хөлөг онгоцуудын эсрэг үйлдэгдэж буй халдлагын тоо дайн эхэлснээс хойших хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Энэ нь дэлхийн газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтэд дахин эрсдэл учруулж байна.
Их Британийн Хааны тэнгисийн цэргийн хүчинтэй холбоотой Далайн худалдааны үйл ажиллагааны байгууллага (UKMTO)-ын мэдээллээр, өнгөрсөн аравдугаар сард Ормузын хоолой, Персийн булан болон Оманы булан орчимд 30 гаруй халдлага бүртгэгджээ. Энэ нь АНУ, Ираны хооронд дайн эхэлсэн хоёрдугаар сарын сүүлээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Харин арваннэгдүгээр сарын 22-ны байдлаар тус бүс нутагт дор хаяж 22 халдлага бүртгэгдсэн нь дайны үеийн сарын үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдэх хэмжээнд хүрчээ. Дайн эхлэхээс өмнө энэ бүсэд сард дунджаар 10 орчим халдлага бүртгэгддэг байсан аж.

Гэхдээ бодит халдлагын тоо үүнээс ч өндөр байх магадлалтай. Учир нь UKMTO зөвхөн анхдагч эх сурвалжаар баталгаажсан тохиолдлуудыг бүртгэдэг бөгөөд зарим хөлөг онгоц халдлагад өртсөн тухайгаа мэдээлдэггүй байна. Мөн зарим хөлөг онгоц байршил тогтоох төхөөрөмжөө унтрааж, мөрдөлтөөс зайлсхийх болжээ.
Сүүлийн өдрүүдэд Ормузын хоолойгоор гарч явсан гурван газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц пуужин болон бусад зэвсгийн халдлагад өртсөн байна. Тэдгээрийн нэг болох Маршаллын арлуудын далбаатай Captain Leon хөлөг онгоцны урд хэсэгт цохилт өгсний улмаас гал гарсан ч багийн гишүүд эсэн мэнд үлджээ. Мөн Хонконгийн далбаатай Torkel болон Arina хөлөг онгоцууд халдлагад өртсөн байна. Далайн тээврийн эрсдэлийн Marisks компанийн мэдээлснээр, эдгээр халдлагын ард Иран байх магадлал өндөр байгаа ч хариуцагчийг эцэслэн тогтоогоогүй байна.
АНУ Ираны боомтуудад хориг тавьж, газрын тосны экспортыг нь хязгаарлаж байгаа энэ үед Тегеран Ормузын хоолой дахь нөлөөгөө хадгалахын тулд халдлагаа нэмэгдүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дайнаас өмнө Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг байсан юм. Иймээс тус бүсийн тогтворгүй байдал нь зөвхөн Ойрх Дорнодын орнуудад бус дэлхийн эрчим хүчний зах зээл, эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй байна.
Л.Баяр
























































