
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хаврын морин уралдааныг дэмжихгүй гэсэн Засгийн газрын хамтын шийдвэр байхад Боловсролын сайд Л.Энх-Амгалан морин уралдаан зохион байгуулахтай холбоотойгоор сургууль амраах тухай байр суурь илэрхийлсэн нь хүүхдийн эрх, боловсролын асуудалд хариуцлагагүй хандсан үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Х.Баасанжаргал гишүүн өнөөдөр буюу Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, Боловсролын сайдын мэдэгдэлтэй холбогдуулан Ерөнхий сайдад хандахаа мөн мэдэгдсэн юм.
Тэрбээр “Хаврын морин уралдаан нь хөдөө орон нутгийн хүүхдүүдийн боловсролоос хоцрох нэг шалтгаан болдог. Гэтэл үүнийг дэмжсэн байр суурь илэрхийлж байгаад харамсаж байна. Засгийн газар хаврын морин уралдааныг дэмжихгүй гэсэн хамтын шийдвэр гаргасан байхад Боловсролын сайд үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хүүхдийн эрх, боловсролыг нэгдүгээрт тавих ёстой” хэмээн онцоллоо.
Мөн өнгөрсөн зун морин уралдаанд 1000 гаруй хүүхэд оролцсон гэх мэдээлэл бүртгэгдсэн талаар дурдав. Эдгээр хүүхдийн мэдээллийг Боловсролын яамны бүртгэлтэй тулган шалгахад 900 гаруй хүүхдийн сургууль, боловсролын талаарх мэдээлэл тус яаманд байгаагүй гэх мэдээллийг өгсөн байна.
Түүний үзэж буйгаар энэ нь морин уралдаанд оролцож буй хүүхдүүд боловсролоос хөндийрөх, сургууль завсардах эрсдэл байгааг харуулж байгаа аж.
Иймд Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн эрх, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг аливаа уламжлал, арга хэмжээний ашиг сонирхлоос дээгүүр тавих ёстойг Х.Баасанжаргал гишүүн онцоллоо.
Т.Золзаяа























































Сэтгэгдэл (2)