
Эрэгтэйчүүдийн бие галбиртаа сэтгэл хангалуун бус байх байдал, ганцаардал болон өөртөө итгэх итгэлийн асуудлыг хөндсөн “Manhood” баримтат кино олны анхаарлыг татаж байна. АНУ-д эрэгтэйчүүдийн бэлэг эрхтний бүдүүн хэсгийг томруулах зориулалттай гиалуроны хүчилтэй тарилгын үйлчилгээ эрчимтэй дэлгэрч байна. Энэ үзэгдлийг найруулагч Даниэл Ломброзо гурван жилийн турш судалж, “Manhood” нэртэй баримтат кино бүтээжээ.
Тэрбээр уг киног хийхээр төлөвлөж байхдаа эрэгтэйчүүд ийм эмзэг сэдвээр ярилцахыг хүсэх эсэхэд эргэлзэж байжээ. Гэвч Даллас хотын нэгэн эмнэлэгт үйлчлүүлж байсан эрэгтэйчүүдийн тал орчим хувь нь кинонд оролцохыг зөвшөөрсөн байна. Тэдний дунд 18-19 настай залуусаас эхлээд 70, 80, 90 настай хүмүүс ч байжээ.
Кинонд гардаг үйлчилгээ нь “PhalloFill” нэртэй, гиалуроны хүчил ашиглан бэлэг эрхтний бүдүүн хэсгийг нэмэгдүүлэх тарилгын арга юм. Энэ бодисыг нүүрний гоо сайхны тарилгад ч өргөн ашигладаг. Мөн энэ жилийн өвлийн олимпын үеэр цанын харайлтын тамирчид аэродинамикийг сайжруулах зорилгоор уг бодисыг хэрэглэдэг гэх мэдээлэл гарч, олны анхааралд өртсөн билээ.

АНУ-д гоо сайхны мэс засал, үйлчилгээ сонирхох эрэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа аж. АНУ-ын Нүүрний гоо сайхны болон нөхөн сэргээх мэс заслын академийн мэдээлснээр, 2025 онд нүүр өргөх болон нүүрний өөх шилжүүлэн суулгах зэрэг зарим үйлчилгээ хийлгэсэн эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс илүү өсжээ.
Баримтат киноны гол дүрүүдийн нэг нь таван хүүхдийн эцэг, мексик гаралтай Рубен юм. Тэрбээр гэр бүлээ тэжээхийн тулд өдөрт 12 цаг ажилладаг ч бэлэг эрхтнээ томруулах нэг удаагийн тарилгад хэдэн мянган ам.доллар зарцуулдаг байна. Санхүүгийн хүндрэл нэмэгдэж, гэр бүл нь гэрээсээ нүүхэд хүрсэн ч тэрбээр уг үйлчилгээг үргэлжлүүлжээ.
Найруулагч Ломброзо энэ үзэгдлийг зөвхөн гоо сайхны асуудал бус, эрэгтэйчүүдийн ганцаардал, сэтгэл зүйн эмзэг байдал, цахим орчны нөлөөлөлтэй холбон тайлбарласан байна. Түүний үзэж буйгаар, зарим үйлчилгээ үзүүлэгч эрэгтэйчүүдийн өөртөө итгэлгүй байдлыг ашиглан их хэмжээний ашиг олж байгаа аж. Харин бэлэг эрхтний хэмжээнээс илүүтэйгээр тухайн хүний сэтгэл зүйн асуудал, амьдралын нөхцөл байдал илүү гүнзгий анхаарал шаарддаг гэдгийг кино онцолжээ.
Л.Баяр






















































