
Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлш болон импортолж буй хагас коксон түлш чанар, стандартын шаардлага хангаж буйг баталгаажуулсан Тохирлын гэрчилгээг өнөөдөр /2026.11.18/ хүлээн авлаа.
Бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөндлөнгийн хяналт хийж, тохирлын гэрчилгээ олгодог “Ай Пи Сертификэйшн” компани Тавантолгой түлш ХХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш болон хагас коксон түлшинд лабораторийн чанарын шинжилгээ хийлгэж, үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын үйл явцад хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийсэн байна.
Хяналт, шинжилгээгээр Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэл болон нийслэлийн иргэдэд нийлүүлж буй бүтээгдэхүүн нь хатуу түлшний MNS 5679:2025 стандартын шаардлагыг хангасныг баталгаажуулж, нэг жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгов.
Тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацаанд “Ай Пи Сертификэйшн” компани сар тутам магадлах хяналт хийх юм байна.
Тохирлын гэрчилгээг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дагуу олгодог бөгөөд Тавантолгой түлш ХХК гурав дахь жилдээ хөндлөнгийн хяналт хийлгэж, бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажууллаа.






















































