
Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” уулзалтын танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр иргэдийн санал, хүсэлтийн дагуу ийнхүү тус танхимд хоёр дахь удаагаа ажилласан юм.
Уулзалтад нийт 14 иргэн оролцож, хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар санал хүсэлтээ уламжилж, байр сууриа илэрхийллээ.
Мөн уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа хууль тогтоох үйл ажиллагааны явц, Улсын Их Хурлаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, иргэдийн оролцоог хангах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.


Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ш.Төмөр “Нээлттэй парламент” уулзалтын танхимын үйл ажиллагааг сайшааж, Улсын Их Хурлын гишүүдтэй шууд уулзан санал бодлоо солилцох боломж бүрдсэн нь парламент болон иргэдийн харилцааг ойртуулахад чухал ач холбогдолтой байгааг онцоллоо.
Түүнчлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Хэрлэн “Нээлттэй парламент” уулзалтын танхим нь иргэдийн үзэл бодол, санал хүсэлтийг хууль тогтоох байгууллагад шууд уламжлах боломжийг бүрдүүлж, парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй хүргэхэд бодит хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа уулзалтаар иргэдээс гаргасан санал хүсэлтийг хууль тогтоох үйл ажиллагаанд тусгахын зэрэгцээ холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.


Улсын Их Хурлын “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд иргэд урьдчилан бүртгүүлэх, цаг товлох шаардлагагүйгээр Улсын Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтээ уламжлах боломж бүрдсэн. Энэхүү арга хэмжээ нь парламентын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд олон нийтийн санал бодлыг тусгахад чиглэж байна.


Өнгөрөгч зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш “Нээлттэй парламент” уулзалтын танхимд нийт 23 Улсын Их Хурлын гишүүн ажиллаад байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.























































