
Монгол Улсын Гадаад харилцааны сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) дарга Б.Батцэцэг 2026 оны 11 дүгээр сарын 12-нд Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлын (COP31) Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын нээлтэд үг хэлж, Улаанбаатарын хурлын гол шийдвэр, үр дүн болон цаашдын зорилтыг танилцуулав.

Энэ онд Риогийн гурван конвенц буюу цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн Талуудын бага хурлууд Улаанбаатар, Ереван, Анталья хотноо болж байна. Энэ хүрээнд Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал, уур амьсгалын өөрчлөлтийг харилцан уялдаатай шийдвэрлэх байр сууриа дэлхийн удирдагчдад хүргэлээ.
Б.Батцэцэг сайд газар, биологийн олон янз байдал, уур амьсгал нь салшгүй холбоотой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтын амжилт нь экосистемийг нөхөн сэргээх, байгаль хамгаалах, газрыг тогтвортой ашиглах бодит үйл ажиллагаанаас хамааралтай болохыг онцлов.
Мөн “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болсон COP17 бага хурал нь улс орнуудын амлалтыг бодит ажил, түншлэл, хөрөнгө оруулалт болгоход чиглэснийг тэмдэглэж, хэлэлцээний явцад талууд олон талт хамтын ажиллагааны төлөөх эрмэлзлээ бататган, Улаанбаатарын тунхаглал болон газрын асуудлаарх дэлхий нийтийн үйл ажиллагааг урагшлуулах 34 шийдвэр баталсныг танилцуулав.

Хурлын бодит үр дүнгээс дурдвал, бэлчээр, малчин иргэдийг байгаль орчны асуудлаарх олон улсын хамтын ажиллагааны төвд авчирсан Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд 45 төсөлд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт төвлөрүүлсэн байна. Түүнчлэн 23 улсад газар нөхөн сэргээх, ган, зудыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн ойролцоогоор 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн ажлыг урагшлуулжээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар, Люксембургийн хамтран боловсруулсан ганд тэсвэрлэх чадавхыг дэмжих хөрөнгө оруулалтын шинэ механизм нь 400 сая хүртэлх ам.доллар татан төвлөрүүлэх зорилготой.
Монгол Улс зохион байгуулагч орны хувиар бэлчээрийн тогтвортой менежмент, ус, газрын нэгдсэн менежмент, тогтвортой дэд бүтцэд байгальд түшиглэсэн шийдэл нэвтрүүлэхэд чиглэсэн “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр” буюу Steppe Action Agenda эхлүүлснийг сайд онцоллоо. Мөн COP17-ын үеэр хөдөөгийн малчид болон орон нутгийн иргэдийн бүлгүүдийн албан ёсны уулзалтыг анх удаа зохион байгуулж, олон улсын шийдвэр гаргах үйл явцад газартай амьдрал, ахуй нь хамгийн ойр холбоотой иргэдийг оролцуулж, тэдний дуу хоолойг олон улсын тавцанд хүргэсэн байна. Сайд Б.Батцэцэг Улаанбаатар, Ереван, Антальягийн хурлуудын үр дүнг үндэсний бодлого, төсөв, хөрөнгө оруулалтад тусгаж, газар дээр нь хэмжиж болохуйц өөрчлөлт болгох нь цаашдын гол зорилт болохыг тэмдэглэв. Энэ хүрээнд Риогийн гурван конвенцын хамтын ажиллагааг эрчимжүүлэх COP31-ийг даргалагч талын “Rio Synergies Group for Action” санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр дэлхий нийт эдгээр хурлыг зөвхөн цуврал уулзалт гэлтгүй, илүү эрхэм зорилго, эв нэгдэл, шийдэмгий үйл ажиллагааны эхлэл болгох ёстой гэдгийг онцолж, газар нутгаа сэргээх, байгалиа хамгаалах, уур амьсгалаа тогтворжуулах үйл хэргийг хойч үеийнхээ ирээдүйн төлөө хамтран урагшлуулахыг уриалав.






















































