
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Вашингтон хотод барихаар төлөвлөж буй 76 метр өндөр ялалтын нуман хаалганы төслийг Холбооны комисс пүрэв гарагт эцэслэн баталжээ. Гэвч уг байгууламжийг барихыг эсэргүүцсэн иргэд, ахмад дайчдын гаргасан шүүхийн нэхэмжлэлээс шалтгаалан барилгын ажил эхлэх хугацаа тодорхойгүй хэвээр байна.
Вашингтоны архитектур, төлөвлөлтийн өөрчлөлтийг хянадаг Үндэсний нийслэлийн төлөвлөлтийн комисс (NCPC) есөн цаг гаруй үргэлжилсэн олон нийтийн хэлэлцүүлгийн дараа төслийг 8:4 саналын харьцаагаар дэмжжээ. Хэлэлцүүлэгт 120 гаруй иргэн оролцож, тэдний олонх нь төслийг эсэргүүцсэн байна.
Трамп уг байгууламжийг АНУ байгуулагдсаны 250 жилийн ойд зориулсан хөшөө дурсгал бөгөөд Америкийн цэрэг арми, үндэсний бахархлыг илэрхийлэх бүтээл болно гэж тайлбарлажээ. Тэрбээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө барилгын ажлыг дуусгах зорилготой байгаа аж.
Харин эсэргүүцэгчид уг байгууламжийг Арлингтоны үндэсний оршуулгын газрын ойролцоо барих нь дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх ёсонд харшилна гэж үзэж байна. Мөн Конгрессын зөвшөөрөлгүйгээр шинэ хөшөө дурсгал барих нь хууль зөрчиж болзошгүйг анхааруулжээ. Виржиниа муж болон Вашингтон хотын захиргаа, мөн ахмад дайчид төслийг зогсоохоор шүүхэд хандсан байна. Холбогдох шүүх барилгын ажил эхлэхтэй холбоотой аливаа үйл ажиллагааны талаар урьдчилан мэдэгдэхийг засаг захиргаанд даалгажээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн албаны үнэлгээгээр уг нуман хаалга нь ойр орчмын 42 түүхэн дурсгалт газарт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Тэдгээрийн дунд Линкольны дурсгалын цогцолбор, Арлингтоны оршуулгын газар багтжээ.
Л.Баяр


















































