
-Гаалийн ерөнхий газрын бүтцийг өөрчилж, О.Цэенрэгзэнг удирдах албан тушаалд томилох тухай мэдээлэл тодруулга шаардаж байна-
Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 11-нд Замын-Үүд боомтод ажиллахдаа хил, гаалийн байгууллага дахь авлига, хүнд суртал, удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хөндөж, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өгч байв.
Тухайн үед Ерөнхий сайд хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэн ажиллуулах, хяналт шалгалтыг сайжруулах, хүний хүчин зүйлээс хамаарсан эрсдэлийг бууруулах шаардлагатайг онцолж байсан юм.
Гэтэл одоо Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын үед Гаалийн ерөнхий газрын удирдлагын бүтцийг өөрчилж, хоёр дэд даргатай болгох, улмаар өмнө нь Замын-Үүдийн гаалийн газрын даргаар ажиллаж байсан О.Цэенрэгзэнг нэг дэд даргаар томилохоор яригдаж байгаа тухай мэдээлэл байна.
Энэхүү мэдээлэл одоогоор албан ёсоор баталгаажаагүй бөгөөд Засгийн газраас тодруулах шаардлагатай байна.
-Хэрэв уг томилгоо үнэн бол дараах асуултууд зайлшгүй тавигдана-
Нэгдүгээрт, Ерөнхий сайд асан Г.Занданшатар ямар үндэслэлээр О.Цэенрэгзэнг албан тушаалаас нь чөлөөлөх чиглэл өгсөн бэ? Тухайн шийдвэр нь удирдлагын хариуцлага, үйл ажиллагааны доголдолтой холбоотой байсан уу, эсвэл өөр үндэслэлтэй байсан уу?
Хоёрдугаарт, Өмнө нь удирдах албан тушаалаас чөлөөлөгдсөн хүнийг гаалийн байгууллагын төв удирдлагад дэвшүүлэн томилох гэж байгаа бол түүний мэргэжлийн ур чадвар, ажлын үр дүн, ёс зүй, авилга ашиг сонирхлын зөрчлийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлсэн бэ?
Гуравдугаарт, Гаалийн ерөнхий газрын дэд даргын орон тоог нэмэгдүүлэх бодит шаардлага юу вэ? Бүтцийн өөрчлөлт нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилготой юу, эсвэл тодорхой албан тушаалтныг томилох асуудалтай холбоотой юу?
Дөрөвдүгээрт, Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэхээр зарласан авлигын эсрэг бодлого, төрийн албаны хариуцлагын зарчим ийм томилгоонд хэрхэн тусаж байгаа вэ? Улсын төсөв танагдаж байгаа энэ үед дэд даргын албан тушаалыг нэмэх нь хэр зохистой вэ?
Гаалийн байгууллага нь улсын төсвийн орлого, гадаад худалдаа, хилээр нэвтрэх бараа бүтээгдэхүүний хяналт, эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой онцгой чиг үүрэгтэй.
Ийм байгууллагын удирдах албан тушаалын томилгоо нь зөвхөн нэг хүний ажил, албан тушаалын асуудал биш, төрийн албаны мерит зарчим, хариуцлага, ил тод байдал, олон нийтийн итгэлтэй холбоотой юм.
-Иймд Засгийн газраас бүтцийн өөрчлөлтийн үндэслэл, дэд даргын орон тоо, нэр дэвшигчийн сонгон шалгаруулалт, томилгооны талаар албан ёсны мэдээлэл өгөх нь зүйтэй-
Өмнөх Засгийн газрын үед чөлөөлөх чиглэл өгсөн албан тушаалтныг дараагийн Засгийн газар илүү өндөр албан тушаалд томилохоор хэлэлцэж байгаа эсэх, тийм бол ямар үндэслэлээр гэдэг нь олон нийтийн мэдэх эрхийн хүрээнд хариулт шаардах асуудал юм.



















































