
“Монголын төмөр зам” ТӨХК-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд тус компанийн удирдлагатай холбоотойгоор тараасан мэдээллийг худал болохыг мэдэгдэж, албан ёсны тайлбар гаргажээ.
Тодруулбал, зарим вэбсайт болон пэйж хуудсаар дамжуулан Багахангай-Хөшигийн хөндийн-Эмээлт чиглэлийн төмөр замыг барьж байгуулсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлага, албан тушаалтнуудыг мөнгө завшиж, компанийн нэр хүндэд халдсан гэх агуулга бүхий мэдээлэл түгээсэн байна.
Тус компани уг мэдээллийг үндэслэлгүй, худал бөгөөд компанийн нэр хүндэд халдсан үйлдэл хэмээн няцаажээ.
Мөн Багахангай-Хөшигийн хөндийн-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийг 2025-2026 онд улсын төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан бөгөөд энэ нь нийслэлийн дагуул хотуудыг төмөр замаар холбох, Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, хот дундуур төмөр замаар ачаа тээвэрлэх хөдөлгөөнийг хотоос гаргах зэрэг эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төсөл гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн дээрх худал мэдээлэл нь компанийн хийсэн бүтээн байгуулалтыг үгүйсгэх, ажилчдын нэр төр, хөдөлмөрийг гутаах зорилготой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Иймд, тус компанийн удирдлагаас хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, худал мэдээлэл түгээсэн этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага тооцуулахаар Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт хандаад байгааг мэдэгдсэн байна. “Монголын төмөр зам” ТӨХК цаашид ч өөрийн хийсэн бүтээн байгуулалт, ажилчдынхаа нэр төр, хууль ёсны эрх ашгийг хамгаалан ажиллахаа илэрхийлжээ.

Л.Баяр























































Сэтгэгдэл (1)