
Сансрын хүчирхэг дэлбэрэлтүүдийг судалж байсан “Swift” ажиглалтын төхөөрөмж арваннэгдүгээр сарын 4-нд Индонезийн дээгүүр дэлхийн агаар мандалд орж, ажиллагаагаа дуусгалаа. АНУ-ын Үндэсний агаарын тээвэр, сансар судлалын агентлаг (NASA)-ийн “Neil Gehrels Swift” ажиглалтын төхөөрөмж 22 орчим жил ажилласны эцэст дэлхийн агаар мандалд буцан оржээ. АНУ-ын Сансрын хүчний мэдээллээр 1.45 тонн орчим жинтэй уг төхөөрөмж арваннэгдүгээр сарын 4-ний өглөө Индонезийн дээгүүр агаар мандалд нэвтэрсэн байна.
Агаар мандалд өндөр хурдтай нэвтрэх үед сансрын төхөөрөмжийн ихэнх хэсэг шатаж устсан гэж үзэж байгаа ч зарим эд анги нь газрын гадаргад хүрсэн байх магадлалтай. Одоогоор үлдэгдэл нь хуурай газарт унасан эсэх нь тодорхойгүй байна.
NASA өмнө нь төхөөрөмжийн зарим хэсэг дэлхийд унах эрсдэлийг тооцоолж, хүн гэмтэж бэртэх магадлалыг 2100-д нэг гэж мэдээлж байжээ. Харин өнөөгийн сансрын хог хаягдлын аюулгүй байдлын стандартаар хяналтгүйгээр агаар мандалд буцаж орох төхөөрөмжөөс хүний амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэлийг 10000-д нэгээс бага байлгах шаардлага тавьдаг.
“Swift” ажиглалтын төхөөрөмжийг 2004 оны арваннэгдүгээр сард хөөргөсөн бөгөөд анх хоёр жилийн хугацаанд ажиллахаар төлөвлөж байв. Гэвч төлөвлөснөөсөө арав гаруй дахин удаан ажиллаж, сансар огторгуйн хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийн нэг болох гамма цацрагийн тэсрэлтийг судлахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Мөн хэт шинэ од, хар нүх, оддын дэлбэрэлт, сүүлт од болон астероидыг ажигласан байна. Түүний цуглуулсан мэдээлэлд тулгуурласан судалгаанууд 7,000 орчим эрдэм шинжилгээний бүтээлд эшлэгдсэн аж.
NASA төхөөрөмжийн ашиглалтын хугацааг сунгахын тулд энэ оны долдугаар сард хувийн компанитай хамтран аврах ажиллагаа зохион байгуулсан ч бүтэлгүйтжээ. “Katalyst Space Technologies” компанийн бүтээсэн “LINK” робот төхөөрөмж “Swift”-ийг барьж, өндөр тойрог замд гаргах ёстой байсан боловч сансарт байрлалаа тогтвортой барьж чадаагүй байна. Одоо NASA “Hubble” сансрын дурангийн ашиглалтын хугацааг сунгах боломжийг мөн судалж байгаа бөгөөд хувийн компаниудаас санал авч эхэлжээ.
Л.Баяр


















































