
АНУ-д эд өрнөж буй Конгрессын завсрын сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам хэд хэдэн чухал ялалт байгуулж, Бүгд найрамдах намын байр суурийг сулрууллаа. Энэ удаагийн сонгууль нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны бодлогод сонгогчид хэрхэн хандаж байгааг харуулах чухал үйл явдал болж байна.
Сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудал, Сенатын 100 суудлын 35 нь өрсөлдөж байгаа юм. Мөн муж, орон нутгийн түвшинд олон сонгууль зохион байгуулагджээ. Ардчилсан намын хувьд Өмнөд Каролина, Хойд Каролина, Нью-Хэмпшир зэрэг мужид байгуулсан ялалт онцгой анхаарал татаж байна. Тухайлбал, Нью-Хэмпшир мужид Ардчилсан намын нэр дэвшигч Крис Паппас ялалт байгуулснаар АНУ-ын Сенатын анхны ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан эрэгтэй гишүүн болохоор болжээ.
Энэ удаагийн сонгуулийн кампанит ажлын үеэр америкчуудын амьжиргааны өртөг, инфляц, шатахууны үнэ, Ирантай холбоотой дайн болон засгийн газрын бодлого гол сэдэв байв. Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийг дэмжихээр сонгуулийн өмнө хэд хэдэн мужид кампанит ажил өрнүүлсэн ч түүний дэмжсэн зарим нэр дэвшигч ялагдал хүлээсэн байна.
Сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам Конгрессын аль нэг танхимд олонх болбол Трампын засаг захиргааны хууль тогтоомж, төсөв болон бодлогын шийдвэрүүдэд тавих хяналт нэмэгдэх юм. Гэхдээ зарим тойргийн саналын тооллого үргэлжилж байгаа тул Конгрессын хоёр танхимын эцсийн хүчний харьцаа хараахан бүрэн тодорхой болоогүй байна.
Л.Баяр

















































