
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй World Liberty Financial төслийн WLFI криптовалютын ханш 24 цагийн дотор 50 гаруй хувиар унаж, түүхэн доод түвшинд хүрчээ. Энэхүү огцом уналт нь улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн нэртэй холбоотой криптовалютын зах зээл хэр эмзэг, тогтворгүй байдгийг дахин харуулсан үйл явдал боллоо.
Reuters агентлагийн мэдээлснээр, WLFI токены үнэ 2026 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ойролцоогоор 0.039 ам.доллар байсан бол маргааш өглөө нь 0.018 ам.доллар хүртэл буурсан байна. Ингэснээр тус криптовалют 2025 оны есдүгээр сард арилжаалагдаж эхэлснээс хойш нийт үнийнхээ 90 гаруй хувийг алдсан ажээ.
World Liberty Financial нь Дональд Трамп болон түүний гэр бүлийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан төвлөрсөн бус санхүүгийн төсөл юм. Тус төслийн үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд Трампын хөвгүүд болох Дональд Трамп Жуниор, Эрик Трамп, Баррон Трамп нар багтдаг бөгөөд WLFI нь төслийн засаглалын токен хэлбэрээр гарсан юм.
Ханшийн огцом уналт нь криптовалютын арилжааны томоохон платформ болох Binance дээрх арилжаатай холбоотой асуудлуудын дараа болсон байна. World Liberty Financial компаниас гаргасан мэдэгдэлд Binance платформ WLFI токентой холбоотой хугацаагүй фьючерсийн зарим нээлттэй арилжааны байрлалыг автоматаар хаасан гэж дурджээ. Харин Binance компани зах зээлийн хөдөлгөөн болон арилжааны гүйцэтгэлийн мэдээллийг шалгаж байгаагаа мэдэгдсэн байна.






















































