
Өнөөдөр Стрессийн талаар мэдлэг олгох үндэсний өдөр тохиож байна. Их Британид үүссэн энэхүү өдөр нь стрессийн шалтгаан, сэтгэцийн эрүүл мэнд, стрессийг даван туулах аргуудын талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Жил бүрийн арваннэгдүгээр сарын эхний Лхагва гарагт тэмдэглэдэг. Бага хэмжээний стресс биднийг илүү бүтээмжтэй болгодог бол удаан үргэлжилсэн стресс эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлдэг. Стрессийг зөвхөн сэтгэл санааны асуудал гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд хүний тархи, зүрх, хоол боловсруулах эрхтэн, нойр гээд бие махбодын олон үйл ажиллагаанд нөлөөлдөг байна.
Хүн бүр амьдралынхаа аль нэг үед стресст өртдөг. Ажлын ачаалал, санхүүгийн асуудал, гэр бүлийн маргаан, ирээдүйн тодорхойгүй байдал, нийгмийн дарамт зэрэг нь стресс үүсгэх нийтлэг шалтгаан болдог. Гэхдээ стресс үргэлж муу зүйл биш. Тухайлбал, шалгалт өгөх, чухал уулзалтад оролцох, хугацаатай ажил дуусгах үед үүсэх бага хэмжээний стресс хүнийг илүү анхааралтай, хурдан ажиллахад түлхэц болдог.
Харин стресс удаан хугацаанд үргэлжилбэл хүний бие аюул заналхийлэлтэй нүүр тулсан мэт байнгын бэлэн байдалд ордог. Энэ үед адреналин зэрэг дааврын ялгаралт нэмэгдэж, зүрхний цохилт түргэсэх, амьсгал олшрох, булчин чангарах зэрэг өөрчлөлт гардаг.
Стресс бие махбодод хэрхэн нөлөөлдөг вэ?
1. Тархины үйл ажиллагаанд нөлөөлнө
Удаан хугацааны стресс анхаарал төвлөрөл, ой тогтоолт, шийдвэр гаргах чадварт сөргөөр нөлөөлж болно. Тиймээс стресстэй үед хүн энгийн зүйл дээр ч алдаа гаргах, аливааг мартах, асуудлыг хэт томоор хүлээж авах нь бий.
2. Нойргүйдэл үүсгэнэ
Орой орондоо орсон ч бодол зогсохгүй, маргаашийн ажлаа төсөөлж, өнгөрсөн үйл явдлыг дахин дахин бодох нь стрессийн түгээмэл илрэл. Нойр дутуу байх нь эргээд стрессийг нэмэгдүүлж, нэг ёсны харгис тойрог үүсгэдэг.
3. Зүрх судасны системд ачаалал өгнө
Стрессийн үед зүрхний цохилт, цусны даралт нэмэгдэж болно. Архаг стресс нь зүрх судасны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийн нэг юм.
4. Хоол боловсруулах эрхтэнд нөлөөлнө
Зарим хүн стресстэхээр хоолны дуршлаа алддаг бол зарим нь эсрэгээрээ илүү их иддэг. Мөн гэдэс эвгүйрхэх, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
5. Дархлаа болон сэтгэл санаанд нөлөөлнө
Удаан үргэлжилсэн стресс биеийн бусад эрүүл мэндийн асуудлыг хүндрүүлэхээс гадна түгшүүр, сэтгэл гутралын шинж тэмдгийг нэмэгдүүлж болзошгүй.
Стрессээс ангижрах шинжлэх ухаанд суурилсан 7 арга
1. Өдөр бүр алхах
Заавал фитнесст явах шаардлагагүй. Өдөрт 20-30 минут алхах, хөнгөн дасгал хийх нь сэтгэл санааг тайвшруулж, биеийн ерөнхий эрүүл мэндэд тустай.
2. Унтах цагийн хуваариа тогтворжуулах
Өдөр бүр ойролцоо цагт унтаж, босохыг хичээгээрэй. Унтахын өмнө утас, компьютерын хэрэглээг багасгаж, тайван орчин бүрдүүлэх нь чухал.
3. Амьсгалын дасгал хийх
Стресстсэн үедээ хамраараа аажуухан амьсгал авч, удаан гаргаарай. Үүнийг хэд хэдэн удаа давтах нь биеийн тайвшрах урвалыг дэмждэг.
4. Мэдээллийн хэрэглээгээ хязгаарлах
Сошиал сүлжээ, сөрөг мэдээ, тасралтгүй мэдээллийн урсгал нь зарим хүний стрессийг нэмэгдүүлдэг. Өдөрт мэдээлэл үзэх тодорхой цаг гаргаж, утаснаасаа түр холдох хэрэгтэй.
5. Ойр дотнын хүмүүстэйгээ ярилцах
Санаа зовж буй зүйлээ итгэдэг хүнтэйгээ хуваалцах нь сэтгэл санааны ачааллыг бууруулахад тусалдаг. Асуудлаа ганцаараа даван туулах гэж өөрийгөө хүчлэх шаардлагагүй.
6. Ажлаа жижиг хэсгүүдэд хуваах
Хийх ёстой бүх зүйлээ нэг дор бодохын оронд хамгийн түрүүнд хийх нэг ажлаа сонго. Том ажлыг жижиг алхмуудад хуваах нь хэт их ачаалалтай мэт мэдрэмжийг бууруулдаг.
7. Өөртөө амрах боломж олгох
Амралт бол залхуурал биш. Дуртай зүйлээ хийх, хөгжим сонсох, байгальд гарах, ном унших зэрэг нь өдөр тутмын ачааллаас түр холдох боломж юм.
Хэзээ мэргэжлийн тусламж авах шаардлагатай вэ?
Стресс олон хоног үргэлжлэх нь заавал өвчин гэсэн үг биш. Харин удаан хугацаанд тайвширч чадахгүй байх, нойр болон хоолны дуршил мэдэгдэхүйц өөрчлөгдөх, ажил амьдралын хэвийн үйл ажиллагаа алдагдах, байнгын түгшүүр мэдрэгдэх тохиолдолд сэтгэл зүйч, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнд хандах нь зүйтэй.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас стрессийг даван туулахад өдөр тутмын тогтмол дадал, биеийн хөдөлгөөн, нийгмийн харилцаа, амралт чухал болохыг зөвлөдөг.
Эцэст нь стрессгүй амьдрах боломжгүй ч стресстэй хэрхэн харьцахаа сурах боломжтой. Заримдаа асуудлыг шийдэх эхний алхам нь бүхнийг амжуулах гэж яарахаа больж, өөртөө хэдхэн минут амрах зөвшөөрөл өгөхөөс эхэлдэг.
Л.Баяр


















































