
АНУ-ын арми Ираны Кешм аралд даваа гарагт хязгаарлагдмал хэмжээний цохилт өгсөн талаар CNN агентлаг АНУ-ын гурван албан тушаалтнаас эш татан мэдээллээ. Уг ажиллагааг бүс нутаг дахь Америкийн цэргийн хүч, объектуудыг хамгаалах зорилготой арга хэмжээ байсан гэж албаныхан тайлбарлажээ.
АНУ-ын нэгэн албан тушаалтны мэдээлснээр, Иран улс Америкийн нисэх онгоц руу гал нээсний хариуд уг цохилтыг өгсөн байна. Мөн Ираны тал агаарын довтолгооноос хамгаалах пуужин ашиглан Америкийн объектуудад заналхийлсэн тул хариу арга хэмжээ авсан гэж мэдэгджээ.
Энэ удаагийн ажиллагаа нь Ираны эсрэг өргөн хүрээний цэргийн довтолгоог дахин эхлүүлсэн хэрэг биш бөгөөд хамгаалалтын шинжтэй, хязгаарлагдмал цохилт байсан гэж АНУ-ын албаныхан онцолсон байна. Wall Street Journal сонин АНУ-ын цэргийн хүчин сүүлийн хэдэн долоо хоногт Иранд үүнтэй төстэй цохилтуудыг нууцаар хэд хэдэн удаа өгсөн талаар мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт Ирантай дипломат хэлэлцээ үргэлжилж байгааг онцолж, хоёр улс тохиролцоонд хүрэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Тэрбээр "Fox News" телевизэд өгсөн ярилцлагадаа одоогийн нөхцөл байдлыг бүрэн хэмжээний дайн бус, хязгаарлагдмал мөргөлдөөн хэмээн тодорхойлжээ. Мөн АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Ирантай хийх хэлэлцээнд тодорхой ахиц гарсан гэж мэдэгдсэн байна.
Кешм арал нь Ираны өмнөд хэсэгт, Ормузын хоолойн ойролцоо байрладаг стратегийн чухал бүс юм. Дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойгоор дайны өмнө өдөрт ойролцоогоор 20 сая баррель газрын тос тээвэрлэдэг байжээ. Иймээс тус бүсэд үүссэн аливаа цэргийн хурцадмал байдал олон улсын эрчим хүчний зах зээлд нөлөөлөх эрсдэлтэй юм.
Л.Баяр



















































