
Испанийн хоёрдугаар дивизионд тоглодог “Тенерифе” багийн довтлогч Хесус де Мигель тоглолтын үеэр өрсөлдөгч багийн хаалгачтай мөргөлдсөний улмаас 30 насандаа амиа алдлаа. Түүний нас барсан тухай клуб нь арваннэгдүгээр сарын 3-нд албан ёсоор мэдэгдсэн байна.
Уг харамсалтай хэрэг арваннэгдүгээр сарын 2-нд “Тенерифе” болон “Андорра” багийн тоглолтын нэмэлт цагт болжээ. Тоглолтын үндсэн цаг дууссаны дараах долоо дахь минутад “Андорра” багийн хаалгач Хесус Овоно бөмбөгийг холдуулахын тулд торгуулийн талбайгаасаа гарч ирэхдээ Де Мигельтэй мөргөлдсөн байна. Улмаар хаалгачийн өвдөг довтлогчийн цээжинд хүчтэй хүрч, тэрбээр талбай дээр ухаан алджээ.
Тоглогчид эмнэлгийн тусламж яаралтай дуудаж, эмч нар талбай дээр түүнд анхны тусламж үзүүлсэн байна. Де Мигель зүрх нь зогссон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмнэлгийн ажилтнууд түүнийг сэхээн амьдруулж, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлжээ. Гэвч биеийн байдал нь муудаж, улмаар арваннэгдүгээр сарын 3-ны өглөө нас барсан байна.

Уг мөргөлдөөний дараа шүүгч Хесус Овонод шууд улаан хуудас үзүүлж, тоглолтыг зогсоосон юм. Тухайн үед хоёр баг 2:2-ын харьцаатай тэнцэж байжээ. Испанийн цагдаагийн байгууллага уг хэрэгтэй холбоотой шалгалт эхлүүлсэн байна. Гэхдээ энэ нь тоглолтын үеэр гарсан хүний амь нас хохирсон тохиолдлыг шалгах хуулийн дагуух ажиллагаа бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх нь тодорхойгүй байна.
Де Мигель 2025 онд “Кастельон” багаас “Тенерифе”-д нэгдсэн бөгөөд өнгөрсөн улиралд 11 гоол оруулжээ. Түүний нас барсанд Испанийн хөлбөмбөгийн холбоо, “Реал Мадрид”, “Барселона” зэрэг олон клуб эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн Испанийн хөлбөмбөгийн холбоо түүний дурсгалыг хүндэтгэн арваннэгдүгээр сарын 3-нд товлогдсон цомын тэмцээнүүдийн тоглолтуудыг хойшлуулжээ.
Л.Баяр


















































