
Шинэ Зеландад энэ долоо хоногт болох парламентын сонгууль сүүлийн жилүүдийн хамгийн өрсөлдөөнтэй сонгуулиудын нэг болох төлөвтэй байна. Энэ удаагийн сонгуулийн гол анхаарлын төвд улс төрийн туршлага багатай ч богино хугацаанд олны анхаарлыг татсан, 38 настай Цюлае Вонг оржээ.
Тэрбээр төвийг баримтлагч “Opportunity” намын дарга бөгөөд улс төрд ердөө нэг жилийн өмнө орж ирсэн юм. Өмнө нь тогтвортой бизнес, байгаль орчны чиглэлээр зөвлөхөөр ажиллаж байсан, хоёр хүүхдийн ээж Вонг намын удирдлагын ажлын зарын дагуу хүсэлт гаргаснаар улс төрийн замналаа эхлүүлжээ.
Олон нийтийн санал асуулгаар, Шинэ Зеландын улс төрд олон арван жил ноёрхсон баруун төвийн Үндэсний нам болон зүүн төвийн Хөдөлмөрийн намын дэмжлэг тус бүр 30 хувиас доош буурсан байна. Амьжиргааны өртөг нэмэгдэж, ажилгүйдэл өндөр хэвээр байгаа нь сонгогчдыг уламжлалт намуудаас өөр сонголт хайхад хүргэжээ.
“Opportunity” нам бизнес болон байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэхээ амлаж, газрын татвар нэвтрүүлэх, халамжийн зарим төлбөрийг бүх иргэнд олгох суурь орлогоор солих санал дэвшүүлж байна. Тус нам саналын таван хувийн босгыг давж, парламентад суудал авах магадлалтай гэж судалгаанууд харуулжээ.
Хэрэв санал асуулгын дүн сонгуулиар батлагдвал Вонгийн нам аль ч том эвсэлд олонх бүрдүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх “шийдвэрлэх хүчин” болж магадгүй. Харин Ерөнхий сайд Кристофер Лаксон тус намтай эвсэхгүй гэдгээ мэдэгдсэн тул эрх баригч эвсэл засгийн эрхээ хадгалахад хүндрэлтэй нөхцөл үүсэж болзошгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар энэ удаагийн сонгуулийн үр дүн Шинэ Зеландын улс төрийн ирээдүйд томоохон өөрчлөлт авчирч мэднэ.
Л.Баяр


















































