
23 жилийн турш Португалын шигшээ багийн гол нүүр царай байсан Криштиану Роналду үндэсний багийнхаа төлөө дахин тоглохгүй гэдгээ зарлалаа. Гэвч түүний баяр хөөр, амжилтаар дүүрэн байх ёстой үдэлтийн ард дасгалжуулагчтайгаа зөрчилдсөн маргаан, баг дахь байр сууриа алдах асуудал яригдаж байгаа нь харамсалтай. 41 настай Роналду Португалын шигшээ багт зориулсан таван минутын видео мэдэгдэл нийтэлж, олон жилийн турш дэмжиж ирсэн хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлсэн байна.

Тэрбээр мэдэгдэлдээ, “Олон жилийн хугацаанд би энгийн хэдэн зүйлийг ойлгосон. Гоолууд мартагдаж, цомууд музейд үлдэж, рекордууд хэзээ нэгэн цагт эвдэгддэг. Харин хүмүүсийн зүрх сэтгэлд үлдээсэн байр суурийг минь цаг хугацаа арилгаж чаддаггүй” хэмээн ярьжээ.
Гэвч түүний шигшээ багаас зодог тайлах шийдвэр тун таагүй нөхцөлд гарсан юм. Товчхондоо дасгалжуулагчтайгаа муудалцсан нь шийдвэрт нөлөөлөв. Роналду өнгөрсөн есдүгээр сард Португалын шигшээ багийн бэлтгэлийн баазыг зөвшөөрөлгүй орхисноор дасгалжуулагч Жорже Жезустай үүссэн зөрчил нь олон нийтэд ил болсон. Тэрбээр есдүгээр сарын 27-нд Норвегийн эсрэг тоглолтод оролцохоор сэлгээнээс бие халаалт хийсэн ч дасгалжуулагч түүнийг талбайд гаргаагүй юм. Роналдугийн хэлснээр, дасгалжуулагч түүнийг тоглолтын сүүлийн 30 минутад оруулна гэж тохиролцсон боловч амлалтаа биелүүлээгүй байна.

Үүний дараа Роналду дасгалжуулагчийг өөртэй нь тохиролцсон зүйлээ хоёр удаа зөрчсөн хэмээн буруутгаж, шигшээ багийн бэлтгэлийн баазыг орхисон. Тэрбээр дараа нь багийн нөхдөөсөө уучлалт хүссэн ч Португалын хөлбөмбөгийн холбооноос 30 хоногийн эрх хасах шийтгэл, торгууль хүлээжээ. Гэсэн ч түүнийг энэ сарын Уэльс, Дани улсын эсрэг тоглолтын бүрэлдэхүүнд багтана гэж олон хүн таамаглаж байв. Харин дасгалжуулагч шинэ бүрэлдэхүүнээ зарлахаас нэг хоногийн өмнө Роналду шигшээ багаас зодог тайлж буйгаа мэдэгдсэн юм.
CNN-ийн тоймч Бен Черч түүний шийдвэр гаргасан цаг хугацааг онцолжээ. Түүний үзэж буйгаар, Роналду удахгүй зарлагдах бүрэлдэхүүнд багтахгүй байх магадлалтайгаа мэдэрсэн учраас өөрөө түрүүлж зодог тайлах шийдвэр гаргасан байж болзошгүй. Гэхдээ энэ нь батлагдсан мэдээлэл биш юм.
Роналду яагаад шигшээ багаас явах болов?

Роналдугийн шийдвэрт зөвхөн дасгалжуулагчтайгаа муудалцсан явдал нөлөөлөөгүй. Түүний нас, талбай дээрх үзүүлэлт, баг дахь үүрэг нь чухал хүчин зүйл болжээ.
Сүүлийн жилүүдэд түүний тоглолтын нөлөө буурч, Португалын шигшээ баг Роналдугүйгээр илүү үр дүнтэй тоглох боломжтой эсэх талаар маргаан өрнөх болсон. Тэрбээр 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд нэг ч гоол оруулж чадаагүй бөгөөд 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ч үндсэн бүрэлдэхүүн дэх байр сууриа алдаж байв.
Гэсэн ч Роналду шигшээ багаас явах шийдвэрээ хойшлуулсаар ирсэн. CNN-ийн тоймч үүнийг нь Лионель Месситэй хийдэг мөнхийн өрсөлдөөнтэй холбон тайлбарлажээ. Месси 2022 онд дэлхийн аварга болсноор бүх цаг үеийн шилдэг тоглогчийн талаарх маргаанд өөрийн байр суурийг бэхжүүлсэн. Харин Роналду энэ зун болсон 2026 оны дэлхийн аваргад дахин оролцож, өөрийгөө батлахыг хүссэн байж магадгүй. Гэвч Португалын шигшээ баг хасагдах шатны эхний тоглолтдоо Испанид хожигдсоноор түүний дэлхийн аваргын замнал өндөрлөсөн юм.
Түүхэнд үлдэх амжилт

Роналду 2003 онд Португалын шигшээ багт анхны тоглолтоо хийснээс хойш нийт 234 удаа талбайд гарч, 146 гоол оруулсан нь тус шигшээ багийн хөлбөмбөгийн түүхэн дэх дээд амжилт юм. Тэрбээр 2016 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Португалын шигшээ багийг анхны томоохон цомоо хүртэхэд ахалсан. Мөн 2019, 2025 оны Үндэстнүүдийн лигийн аварга болоход багийнхаа бүрэлдэхүүнд байв.
Роналду зургаан удаагийн дэлхийн аваргад оролцож, бүх тэмцээнд нь гоол оруулсан түүхэн дэх анхны тоглогч болсон юм. Түүний шигшээ баг дахь замнал ийнхүү өндөрлөж байгаа ч клубийн түвшинд тоглолтоо үргэлжлүүлнэ. Тэрбээр Саудын Арабын “Аль-Наср” клубт тоглож байгаа бөгөөд мэргэжлийн карьерынхаа 1000 дахь гоолд ойртсон билээ.
Роналдугийн шигшээ багаасаа зодог тайлсан шийдвэрийн дараа Португалын хөлбөмбөгийн холбоо түүнд зохих ёсны хүндэтгэл үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Түүний шигшээ багийн замнал төгсгөлдөө маргаантай, таагүй өнгө аястай болсон ч Португалын хөлбөмбөгийн түүхэнд үлдээсэн амжилт, нөлөөг үгүйсгэх аргагүй юм.
Л.Баяр
















































