
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д. Вэнс 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших улс төрийн байр сууриа бэхжүүлэх зорилгоор Дональд Трампын засаг захиргааны бодлогыг шүүмжилж эхэллээ. Тэрбээр Бүгд найрамдах нам 2026 оны завсрын сонгуульд ялагдал хүлээсэн гол шалтгаан нь Ирантай хийж буй дайн байсан гэж мэдэгдсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.
Мягмар гарагт болсон завсрын сонгуулиар Ардчилсан нам томоохон амжилт гаргаж, Сенат болон Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоосон юм. Энэ нь Трампын засаг захиргааны хувьд улс төрийн томоохон ухралт боллоо.
Вэнс сонгуулийн дүнгийн дараа нийгмийн сүлжээний X платформд урт мэдэгдэл нийтэлж, намынхаа ялагдлын шалтгааныг тайлбарласан байна. Тэрбээр “Бид ялагдсан шалтгаан бол дайн. Ерөнхийлөгч өөрөө ч өчигдөр орой ингэж хэлсэн” хэмээн бичжээ.

Мөн 2024 онд Трамп, Вэнс нарыг дэмжиж санал өгсөн олон сонгогч энэ удаа Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжсэн гэдгийг онцолсон байна. Түүний үзэж буйгаар, Бүгд найрамдах намын сонгогчид дараах дөрвөн асуудалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Үүнд:
Ирантай хийж буй дайныг зогсоох.
Амьжиргааны өртөг, инфляцын асуудалд анхаарах.
“Америк нэгдүгээрт” бодлогыг дахин хэрэгжүүлэх.
Израилтай тогтоосон харилцаандаа өөрчлөлт оруулах.
Вэнс эдгээр асуудалд анхаарахгүй бол намынхаа сонгогчдын дэмжлэгийг эргүүлэн авахад хүндрэлтэй гэж үзэж байна. Тэрбээр мөн цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэх арга барилд өөрчлөлт оруулах боломжтой ч хууль бус цагаачдад өршөөл үзүүлэхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ.
Харин Ерөнхийлөгч Дональд Трамп Вэнсийн мэдэгдэлтэй хэсэгчлэн санал нийлсэн байна. Тэрбээр Ираны дайн шатахууны үнийг өсгөж, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч цөмийн зэвсэгтэй болохоос нь сэргийлэхийн тулд Иранд цохилт өгөх шаардлагатай байсан гэж хамгаалжээ.
Трамп мөн Вэнс 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй байж магадгүй хэмээн мэдэгдсэн нь тэдний улс төрийн харилцааны талаар таамаг дэвшүүлэхэд хүргэсэн байна. Гэхдээ Цагаан ордонд ойр эх сурвалжууд тэдний хооронд зөрчил үүсээгүй гэж мэдээлжээ. Улс төрийн ажиглагчдын хувьд Вэнсийн энэхүү мэдэгдэл нь 2028 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлийнх нь нэг хэсэг гэж үзэх үндэслэл болж байна. Тэрбээр нэг талаас Трампын дэмжлэгийг алдахгүй байхыг хичээж байгаа бол нөгөө талаас одоогийн засаг захиргаанд сэтгэл дундуур байгаа сонгогчдыг өөртөө татах байр суурь баримталж эхэлжээ.
Л.Баяр


















































