
Эрчим хүчний салбарын шинэчлэл, хөрөнгө оруулалт болон ТНБД-ын томилгооны асуудлаар Эрчим хүчний сайд Б.Найдалаатай ярилцлаа.
-Оюу толгойн ногдол ашгийг эрчим хүчний салбарын төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулах асуудал яригдаж байсан. Энэ хүрээнд ямар ажлууд төлөвлөгдсөн байсан бэ?
-Оюу толгойгоос санхүүжүүлэхээр эрчим хүчний салбарт нийт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай 18 төсөл байсан. Тухайлбал, Дулааны зургаадугаар цахилгаан станц, Дулааны гуравдугаар цахилгаан станцын тавдугаар турбогенератор, мөн 10 аймгийн дулааны цахилгаан станцын төслүүд багтаж байгаа.
Эдгээр 18 төслийг хэрэгжүүлэхэд энэ онд шаардлагатай байсан 780 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт одоо байхгүй болсон. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд Оюу толгойн ногдол ашгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах нь зөв гэж үзэж, холбогдох хуулийн төслийг өргөн барьсан.
Шулуухан хэлэхэд, популизм хийх, бие биенээ татаж унагаах, улс төрийн өчүүхэн ашиг сонирхлоороо эрчим хүчний салбарын асуудлыг хойш татаж байгаад харамсаж байна. Үүний уршгаар ирэх жил эдгээр ажлыг дорвитой хэрэгжүүлэх боломжгүй болж байна.
-Эрчим хүчний салбарын тоног төхөөрөмжийн насжилт, шинэчлэлийн асуудал хэр хүнд байгаа вэ? Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт үүсэх эрсдэл бий юу?
-Монгол Улсад нийт 49 турбогенератор ажиллаж байгаагаас 19-ийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Эдгээрийг нэн яаралтай засварлаж, шинэчлэх шаардлагатай байна.
Мөн 69 зуух байдгаас 12-ынх нь ашиглалтын хугацаа дууссан. Эдгээр тоног төхөөрөмжийг цаг алдалгүй шинэчилж, сайжруулахгүй бол эрчим хүчний найдвартай ажиллагааг хэрхэн хангах вэ?
Энэ өвөл асуудалгүй давлаа гэхэд ирэх өвөл ч эрсдэл хэвээр байна. Тиймээс салбарын тоног төхөөрөмжийн шинэчлэл, засварын ажлыг хойшлуулах боломжгүй.
-Төрийн нарийн бичгийн даргын томилгоотой холбоотой асуудал нэлээд шүүмжлэл дагууллаа. Та Төрийн нарийн бичгийн даргаа ямар шалгуураар сонгосон бэ?
-Шадар сайд Н.Номтойбаяр яагаад ийм зүйл ярьсныг ойлгохгүй байна. Сайд нар Төрийн нарийн бичгийн даргаа сонгохдоо хамаатан садан, эсвэл нэг намын хүнээ томилдог гэсэн ойлголт байж болохгүй. Тийм зарчим ч байх ёсгүй.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтүвшин салбартаа 16 жил ажилласан туршлагатай. Англи, япон хэлтэй, БНСУ-д докторын зэрэг хамгаалсан, мэргэжлийн судлаач, төрийн албан хаагч хүн.
-Тэгвэл яамны боловсон хүчний бодлогын хүрээнд ямар зарчим баримталж ажиллаж байгаа вэ?
-Энэ салбарт улс төрийн дэмжлэггүй, ах дүү, хамаатан садны нөлөөгүйгээр өөрийн хүч хөдөлмөрөөрөө ажиллаж яваа залуучуудаа дэмжих бодлого баримталж байна.
Эрчим хүчний яаманд нийт 100 орчим хүн ажилладаг. Одоогоор нэг л хүнийг өөрчилсөн. Бусад албан хаагчдын хувьд дотроос нь шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулалт зарлах зарчмаар ажиллаж байгаа. Энэ нь ч зөв гэж бодож байна.
Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд ч яамныхаа дотроос сонгогдсон, салбартаа олон жил ажилласан мэргэжлийн судлаач, мэргэшсэн төрийн албан хаагч юм.
-Энэ өвөл Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангаж, цахилгаан хязгаарлалтгүй өвөлжиж чадах уу? Өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?
-Бид хавраас эхлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж ажилласан. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажлын гүйцэтгэл дунджаар 92-93 хувьтай байна. Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвлийг цахилгаан хязгаарлалтгүй, эсэн мэнд давна гэж үзэж байгаа. Гэхдээ тоног төхөөрөмжийн насжилттай холбоотой тодорхой эрсдэлүүд бий. Хэрэв хамгийн муугаар бодоход ямар нэгэн эрсдэл, хүндрэл үүсвэл бид нөөц төлөвлөгөөндөө шилжиж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.
Т.Золзаяа























































