
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер болон тусгай элч Стив Уиткофф нар Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхээр арваннэгдүгээр сарын 12-нд Москвад очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болжээ. Энэхүү айлчлал нь АНУ, ОХУ, Украины төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод хоёр өдөр үргэлжилсэн гурван талт хэлэлцээ хийсний дараа болж байна. Хэлэлцээний үеэр газар нутгийн маргаан, Украины аюулгүй байдлын баталгаа зэрэг гол асуудлаар талууд нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй юм.
Жаред Кушнер арваннэгдүгээр сарын 11-нд Абу Даби хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Стив бид хоёр маргааш Москвад очиж, Ерөнхийлөгч Путинтэй уулзана. Өнөөдөр хэлэлцсэн асуудлуудыг дахин ярилцаж, тодорхой ахиц гаргахыг зорьж байна” гэж мэдэгджээ.
Тэрбээр Москвагийн айлчлалын дараа Ирландын Дублин хотод очиж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөж байгаагаа мөн дурдсан байна. Абу Дабигийн хэлэлцээний үеэр талууд дайны олзлогдогсдыг солилцох шинэ тохиролцоонд хүрсэн байна. Кушнер үүнийг сүүлийн үеийн хамгийн том солилцоонуудын нэг болно гэж тодорхойлсон боловч хамрагдах хүний тоог мэдээлээгүй байна.

Украины төлөөлөгчдийг тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров хэлэлцээний үеэр аюулгүй байдлын баталгаа, дайны дараах сэргээн босголт болон энхийн гэрээний асуудлыг хөндсөн гэжээ.
Украин, ОХУ-ын хоорондын хамгийн том зөрчил нь газар нутгийн асуудал хэвээр байгаа юм. Москва Украины зүүн хэсгийн Донбассын бүс нутгаас цэргээ гаргахыг шаардаж байгаа бол Киев газар нутгаа орхихыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байна.
Мөн ОХУ Украиныг НАТО-д элсэхгүй байх, цэргийн хүчин чадлаа хязгаарлах шаардлага тавьдаг. Харин Украины тал гал зогсоохын зэрэгцээ ОХУ дахин довтлохоос сэргийлэх аюулгүй байдлын баталгаа авахыг хүсэж байна. Украины төлөөлөгч Давид Арахамия энэ удаагийн хэлэлцээг 2022 оноос хойших хамгийн хүнд хэлэлцээнүүдийн нэг байлаа хэмээн тодорхойлжээ.
Ийнхүү олзлогдогсод солилцох асуудлаар тодорхой ахиц гарсан ч дайныг бүрэн зогсоох нөхцөлүүд дээр талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна. Москва дахь уулзалт энхийн хэлэлцээний цаашдын чиглэлийг тодорхойлох чухал алхам болохоор байна.
Л.Баяр























































