
Дуниа Родригес Сибомана зургаан настай байх үедээ өөрийн ах болон үеэлийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Вирунга Үндэсний хүрээлэнд тоглож байх үедээ чимпанзенуудын дайралтад өртөж уруул, нүүр, баруун чихэндээ хүнд гэмтэл авч зүүн гарынхаа дунд хурууг бүр мөсөн алдсан. Мөн түүнтэй хамт тоглож байсан хоёр хүү газар дээрээ амиа алдсан гэдэг.
Нэн ядуу өссөн тэрбээр амьд үлдэхийн тулд гудамжинд гуйлга гуйдаг байсан бөгөөд хүмүүнлэгийн аяны тусламжтайгаар найман настай байх үедээ АНУ-д нүүрний бүтэц сэргээх маш ховор мэс засалд орохоор ирж нийтдээ 14 удаа мэс засал хийлгэжээ.

Түүнийг АНУ-д ирээд удаагүй байх үед Мигуэл Родригес гэх чөлөөт бөхийн дасгалжуулагч өргөж авсан цагаас хойш Дуниа Родригес Сибоманагийн амьдрал чөлөөт бөхтэй салшгүй холбогдсон. Тэрбээр чөлөөт бөхийн өндөр түвшний авьяастай нэгэн бөгөөд дунд, ахлах сургуульдаа Нью Йорк мужийн таван удаагийн аварга болжээ. Улмаар Дуниа Родригес Сибомана NCAA-ийн нэгдүгээр Дивизоны олон арван сургуулиас урилга авсны эцэст Хойд Каролины Их Сургуулийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн.

Тэрбээр чөлөөт бөхийн -57 кг жинд NCAA-ийн нэгдүгээр Дивизонд барилдахаас гадна өөрийн төрж өссөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсыг төлөөлөн барилддаг бөгөөд 2026 оны залуучуудын болон насанд хүрэгчдийн Африк тивийн аварга болсон. Дөнгөж 19 настай түүнийг гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа бөгөөд мэргэжилтнүүд түүнийг 2028 оны Лос Анжелесийн Олимпод Африк Тивийн хоёр эрхийн нэгийг авч оролцох хамгийн өндөр магадлалтай тамирчин хэмээн нэрлэж байна.
А.Сүх















































