
Манай The MongolZ баг өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдаж буй Intel Extreme Masters (IEM) Beijing 2026 тэмцээний хагас шигшээд тоглоно. Тус баг хэсгийн шатанд амжилттай тоглож, дараалан гурван ялалт байгуулснаар шууд хагас шигшээд шалгарсан юм.
Тодруулбал, The MongolZ баг эхний тоглолтдоо Бразилын Legacy багийг 2:1-ээр буулган авсан бол дараагийн тоглолтод HEROIC багийг 2:0-ээр хожжээ. Улмаар хэсгийн дээд хүснэгтийн шийдвэрлэх тоглолтод дэлхийн чансааг тэргүүлж байсан FURIA багтай учраа таарч, 2:1-ийн харьцаатай ялалт байгуулсан байна.
Ингэснээр хэсгээ тэргүүлж, хасагдах шатны шөвгийн наймын тоглолтыг өнжиж, хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан юм. The MongolZ багийн хагас шигшээний өрсөлдөгч нь PARIVISION баг байх болно.
Өнөөдрийн хагас шигшээний тоглолт Монголын цагаар 15:30 цагт эхлэх бөгөөд гурван мапын хоёрт нь ялалт байгуулсан баг тэмцээний их шувтаргад шалгарна. IEM Beijing 2026 тэмцээн нийт 16 багийн бүрэлдэхүүнтэй, 1.25 сая ам.долларын шагналын сантай зохион байгуулагдаж байна. Тэмцээний аваргын төлөөх тоглолт арваннэгдүгээр сарын 8-нд болно.
The MongolZ багийн одоогийн бүрэлдэхүүнд bLitz, Techno, 910, nin9, cobrazera нар тоглож байгаа бөгөөд дасгалжуулагчаар maaRaa ажиллаж байна. Монголын баг ийнхүү дэлхийн шилдэг багуудын эсрэг дараалан ялалт байгуулж, IEM Beijing 2026 тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөд нэг алхам ойртлоо.
Л.Баяр


















































