
Дэлхий дахинд ундны цэвэр ус, ариун цэврийн байгууламж болон эрүүл ахуйн наад захын нөхцөл хангагдаагүйгээс жил бүр ойролцоогоор 1.4 сая хүн урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөл, шалтгаанаар нас барж байна. Энэ талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд шинэчилсэн мэдээлэлдээ дурджээ. Тус байгууллагын мэдээлснээр нас баралтын дийлэнх нь бага болон дунд орлоготой улс орнуудад бүртгэгдэж ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нь суулгалт өвчин, холер, цусан суулга, гэдэсний шимэгчийн халдвар зэрэг өвчний тархалтыг нэмэгдүүлдэг байна. ДЭМБ-ын тооцооллоор 2019 онд ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлөөс шалтгаалсан нас баралтын 69 хувь нь суулгалт өвчинтэй холбоотой байжээ. Мөн нэг сая гаруй хүн бохир ус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчноос үүдэлтэй суулгалт өвчнөөр нас барсан байна.
ДЭМБ-ын 2026 оны арваннэгдүгээр сарын 5-ны шинэчилсэн мэдээллээр:
- 4.8 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын 58 хувь нь аюулгүй удирдлагатай ариун цэврийн үйлчилгээ ашиглаж байна.
- 1.5 тэрбум хүн хувийн ариун цэврийн байгууламж зэрэг наад захын үйлчилгээгүй хэвээр байна.
- 354 сая хүн ил задгай бие засах нөхцөлд амьдарч байна.
Цэвэр ус, ариун цэврийн хүртээмжгүй байдал нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд шууд нөлөөлдөг. Давтамжтай суулгалт нь хүүхдийн шим тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулж, хоол тэжээлийн дутагдлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй.
ДЭМБ-ын тооцоогоор 2019 онд тав хүртэлх насны хүүхдийн 395 мянган нас баралтаас аюулгүй ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулснаар урьдчилан сэргийлэх боломжтой байжээ.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын 6 дугаар зорилтод 2030 он гэхэд хүн бүрийг аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангахыг тусгасан. Гэвч өнөөгийн ахиц хурдаар энэ зорилтод хүрэхэд хангалтгүй байгааг ДЭМБ анхааруулжээ. Ийнхүү цэвэр усны хүртээмж нь зөвхөн байгаль орчны асуудал бус, дэлхийн нийтийн эрүүл мэнд, хүүхдийн эрх, нийгмийн тэгш байдлын чухал асуудал хэвээр байна.
Эх сурвалж: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага





















































