
АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн Флатбуш хороололд арваннэгдүгээр сарын 11-ний өдөр гурван давхар барилга нурж, хоёр хүн амиа алдан, 17 хүн гэмтэж бэртжээ. Аврах ажиллагаа шөнийн турш үргэлжилсэн бөгөөд нурангид дахин хүн дарагдсан байж болзошгүй гэж албаныхан мэдээлсэн байна.
Орон сууц болон худалдааны зориулалттай уг барилга орон нутгийн цагаар 16:00 цагийн орчимд хөрш зэргэлдээх барилгын талбай руу нуржээ. Тухайн үед барилгын талбайд газар шорооны ажил хийж байсан бөгөөд нурсан барилгын нуранги ухсан нүхэнд унасан байна.
Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, гэмтсэн 17 хүний дөрвийнх нь биеийн байдал хүнд, бусад нь бага зэргийн гэмтэл авчээ. Хохирогчдын дунд долоон хүүхэд байсан бөгөөд нэг гал сөнөөгч хөнгөн гэмтсэн байна.
Ойролцоогоор 250 аврагч, гал сөнөөгч ослын газарт ажиллаж, нуранги дороос хүмүүсийг гаргахаар хүч нэмэгдүүлжээ. Тэд тусгай сургасан нохой, дрон ашиглан эрэл хайгуул хийж, нурангийг гар аргаар цэвэрлэж байсан аж. Аврагчид жирэмсэн эмэгтэй болон хэд хэдэн хүүхдийг эсэн мэнд гаргаж чадсан байна.
Нью-Йорк хотын захирагч Зохран Мамдани аврах ажиллагааг “маш хүнд, эрсдэлтэй нөхцөлд үргэлжилж байна” хэмээн тодорхойлжээ. Одоогоор барилга нурсны шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд шалгаж байна. Урьдчилсан мэдээллээр, осол гарах үед зэргэлдээх талбайд шинэ барилгын суурийн газар шорооны ажил хийж байжээ. Мөн нурсан барилгатай залгаа өөр нэг барилгын хана хэсэгчлэн сүйдэж, доторх орон сууцны өрөөнүүд ил гарсан байна.
Л.Баяр





















































