
Өвлийн идэшээ базаах цаг хаяанд ирж, айл өрхүүд өвөлдөө хэрэглэх махаа бэлтгэж эхэлжээ. Гэвч энэ жилийн махны үнэ иргэдийн худалдан авалтад нөлөөлж, өмнөх жилүүдэд бүтэн малын махаар идшээ хийдэг байсан зарим айл энэ жил махаа килограммаар, бага багаар авахаар болжээ. Бид өвлийн идэшний махны үнэ болон худалдааны нөхцөл байдлыг сурвалжлахаар нийслэлийн махны худалдааны цэг болох Хүчин шонхор захыг зорилоо. Захын дотор лангуу болон гадна талбайд өвлийн идэшний мах худалдаалагдаж байгаа ч худалдан авагчдын хөл хөдөлгөөн харьцангуй бага байв.
Махны худалдаачдын хэлж буйгаар үнэ өндөр байгаа нь иргэдийн худалдан авалтад нөлөөлж, нэг удаад авах махны хэмжээ ч багасах болжээ.
ХУДАЛДААЧИД: ИРГЭД МАХ АВАХ ХҮСЭЛ БАЙВ Ч МӨНГӨ МУУТАЙ БАЙНА

Тэрбээр "Энэ жил худалдан авалт өмнөх жилүүдээс хамаагүй багассан. Хуучин бол айлууд бүтэн малын мах авчихдаг байсан. Энэ жил санхүүгийн байдлаасаа болоод чадахгүй байна. Ах дүү, хамаатнуудаараа нийлж нэг бүтэн үхэр авч байна. Үнэ өссөн шалтгаан бол гадагшаа ихэнх малын махаа гаргаж байгаас болж байгаа. Салбарын сайд дарга нар экпортод л анхаарч байна. Үүнээс болж махны үнэ тэнгэрт хадаж байгаа. Үнийн хувьд хонины мах 18500, Ямааны мах 14000, Үхэр 21-22500 төгрөг байна" гэв.

Тэрбээр "Бүтэн үхэрийн мах авахад багадаа л 3 сая төгрөг болж байгаа. Гэхдээ бүтнээр нь авах айл бараг байхгүй байна. Би иргэдийг мах авах хүсэл байв ч мөнгө муутай байна уу л гэж бодож байна. Хүчин шонхор захын хувьд махны төвлөрсөн зах учраас Монгол орны нийт нутгийн 70 орчим хувиас мах ирдэг" гэв.
Ийнхүү өмнөх жилүүдэд өвлийн хэрэгцээний махаа бүтэн гулуузаар нь базаадаг байсан айлуудын худалдан авалтын хэв маяг өөрчлөгдөж байна. Зарим иргэн махаа нэг дор их хэмжээгээр худалдан авахын оронд хэрэгцээндээ тааруулан бага багаар авч байгаа аж.
Өвлийн идэш нь айл өрхийн хүнсний гол хэрэгцээний нэг. Гэвч махны үнэ өндөр байгаа энэ үед иргэдийн хувьд өвлийн хэрэгцээгээ хэрхэн, ямар хэмжээгээр базаах нь өрхийн төсөвтэй шууд холбоотой болж байна. Ийнхүү өвлийн идэшний улирал эхэлсэн ч махны үнэ, худалдан авах чадварын нөлөөгөөр айл өрхүүдийн мах худалдан авах арга барил өөрчлөгдөж байна.
Д.Батчулуун






















































