Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийг цувралаар танилцуулж байна. Засгийн газар "хөгжлийн хөдөлгүүр" гэгдэх 14 мега төслийг зорилго болгон ажиллахаа зарлаад буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "2025 оны төсөв бол Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх 4 жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой" гэж байлаа.
Газрын тос боловсруулах цогцолбортой болсноор...
Газрын тос боловсруулах цогцолборын ажил 2016 онд эхэлсэн. 2027 онд төслийн ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа юм. Нийт хөрөнгө оруулалт нь 4 их наяд 178,8 тэрбум төгрөг агаад Гадаад зээлээр бүрэн санхүүжнэ. Тус 2016 -2024 онд 170,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тухайн төслийн ажлын 2025 онд санхүүжих гүйцэтгэлтэй уялдуулан 449.9 тэрбум төгрөгийг 2025 оны төсвийн төсөлд тусгажээ.
Газрын тос боловсруулах цогцолбор ашиглалтад оруулснаар жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэглээний 80 хувийг хангах үндэсний үйлдвэр бий болох ба шинээр 700+ ажлын байр бий болно.
Мөн Евро-4, 5 стандартын шаардлага хангасан 339.0 мянган тонн автобензин, 824.0 мянган тонн дизель түлш, онгоцны түлш 80.0 мянган тонн, 43.0 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Мөн импортын хараат байдлаас гарч, шатахууны үнийг бие даан зохицуулах боломж бүрдэнэ.
Төслийн тухай
БНЭУ-ын Засгийн газрын зээлийн хөрөнгөөр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь 2017 оны 4 дүгээр сард Засгийн газрын 2017 оны 92 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 108 дугаар тогтоолоор байгуулагдсан байна.
Засгийн газрын 2018 оны тогтоолоор “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн төрийн өмчийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгчээр УУХҮЯ-ыг тогтоож байж. Улмаар Засгийн газрын 2023 оны тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийг тогтоожээ.
Анх 2017 онд 11 ажилтны орон тооны батлагдсан бүтэцтэй ажиллаж эхэлсэн бол өнөөдрийн байдлаар нийт 70 гаруй инженер, техникийн ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
“Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэгийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулжээ. Үүнийг нь 2018 оны 11 дүгээр сард УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэн хүлээн авсан байна.
Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээг 2019 оны 05-р сарын 13-ны өдөр “Engineers India Limited” компанитай байгуулж, үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажлыг эхлүүлсэн юм. НТЭЗҮ-ийг батлуулснаас хойш 5 жил тутамд түүнийг тодотгох, тус компани нь үйлдвэрийн технологийн зураг төсөл, техник технологийн нэмэлт өөрчлөлтүүд, цар тахалтай холбоотойгоор үүссэн дэлхийн зах зээл дээрх бараа материалын үнийн өсөлт зэрэг хүчин зүйлүүдийг авч үзэн, төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлтийг дахин тооцоолж, НТЭЗҮ-ийн тодотголыг боловсруулсан байна. Улмаар 2023 оны 09-р сарын 27-ны өдөр УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж баталгаажуулжээ.
“Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах цогц төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах сав, резервуар, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтаас бүрдэнэ. Мөн үйлдвэрт ажиллагсдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг давхар шийдэх зориулалттай 550 айлын орон сууц, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв зэргээс бүрдсэн “Газрын тосны үйлдвэрийн хотхон” багтах аж.
“Монгол улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтыг дэд бүтцийн дараалал, барилга байгууламж тус бүрийн төвөгшил болон инженерчлэлийн ажилд зарцуулагдах хугацааг тооцсоны үндсэн дээр дараах 4 хэсэгт хуваан гүйцэтгэж байгаа тухай холбогдох байгууллагаас мэдээлсан байдаг.
Төслийн бүтээн байгуулалтын EPC 01, 02, 03 ба 04 багц ажлуудыг БНЭУ-ын, Газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд тус тус гүйцэтгэж байгаа аж
Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажиллагсад болон бүтээн байгуулалтад оролцож байгаа гадаад, дотоодын инженер, техникийн ажиллагсдыг орон байраар хангах зорилгоор Сайншанд хотод баригдаж буй “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-ы бүтээн байгуулалт хийж, эхний 40 айлын 1 орон сууцны барилгыг 2022 онд ашиглалтад оруулсан боловч Хөгжлийн банкны зээл зогссонтой холбоотойгоор бусад барилгын ажил саатахад хүрчээ.