Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан их найрагчдын эх орондоо бичсэн үл мартагдах шүлгүүдээс хүргэж байна.
Д.Нацагдорж - Миний нутаг
Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн Шарга Номины өөргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн,Онон,Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл,Увс,Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Орхон,Сэлэнгэ,Хөхийн онц сайн голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал,хот балгадын сууринууд
Хол газраа одсон харгуй дардан замууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хангай говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөдлөн гулд давхисан газар
Гөрөөс араатан авласан урт урт шилнүүд
Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугларсан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжсэн тэнэгэр сайхан нуруутай
Дөвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороо газартай
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Үр ач хүүхдийн үржиж өссөн орон
Таван хошуу малууд дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өвлийн тэсгэм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянганы завсарт атар баялаг орон
Аав ижийн минь оршсон ашдын заясан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Хүннү Сүннүгийн үеэс хогшид өвгөдийн минь нутаг
Хүн ард бидний хайрыг булаасан орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хөдэт гавьяаг байгуулая
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай
Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэд холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл,мартаж болшгүй соёл
Үхтэл орших төтөлх нутаг слаж болшгүй орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон...
Б.Лхагвасүрэн - Боржгоны бор тал
Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь...
Д.Нямсүрэн - Дөрвөн цаг
1.
Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.
Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.
Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан. Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газарт ойчих нь сайхан.
Үе үе бороо амcxийх нь сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх нь сайхан.
Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан
Шүлэг нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсраар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхан.
Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржигон эмээлээ аваад орж ирэх нь сайхан.
Сартай толгодод ингэ гунганах нь сайхан
Шанзны үзүүрт Ай -нан-аа суух сайхан
Шаргал дөл угалзлан гал ноцох нь сайхан
Царай зүс бүдэг бадаг гэрэлтэх нь сайхан.
Хөх лонхон тогоруу дуугaрах сайхан
Хөдөө цайдам борооших сайхан
Анирхан ахуйд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх байдал сайхан.
Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой гарах сайхан
Чөдөртэй морьд туриглах сайхан.
Шиврэн шиврэн бороо орох нь сайхан
Ширэг зүлэг ногоорох нь сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүс бороо гэрэлтэх сайхан.
Гэгээн борооны усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хүмлийн үнэр сэнгэнэх нь сайхан
Аяcxан бодол хол ойрыг санах сайхан.
Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан.
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох нь сайхан.
2.
Өглөө босоход цас орсон байх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан
Гадаа уул толгод гялбалзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвгэнэх нь сайхан
Үдэш орой айлын гэрэл харагдах сайхан
Үрээ морины хөл хөнгөрөх сайхан
Хонох айлд үеийн бүсгүй байх сайхан
Хоточ нохой сарны гэрэлд хуцах сайхан
Тооноор цас будран орох нь сайхан
Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан
Гэрийн хойморт аав суух сайхан
Гэрэлтэй үүдээр ээж орж ирэх сайхан
Хөтлийн оройд нар тусах сайхан
Хөсег тэрэг гарч ирэх нь сайхан
Тэрэгний дугуй чахран чухран эргэх нь сайхан
Тэргэн дороос шувуу нисэх сайхан
Тэнгэр будангуйрч судайх нь сайхан
Тэртээ холын юм үзэгдэх үгүйтэй нь сайхан
Салхи эргэж, утаа хуйрагнах нь сайхан
Цас эргэлдэн эргэлдэн малгайлах сайхан
Зуухны галд нозоорон нойр хүрэх нь сайхан
Зуны орой согтов гэж тэрхэн зуур зүүрмэглэх сайхан
Хээ-н... Цай уу! гэх бүдэг бадаг үг дуулдах нь сайхан
Хэн гуайн эгч гараас зөөлөн татах нь сайхан
Цайдам хоолой цайвалзаж цанхиртах сайхан
Цаад уулс гялс гялсхийн харагдах нь сайхан
Цас шуурч тогтоод гялбас гялбасхийх сайхан
Цагаан өдөр мэлтэс мэлтэсхийх сайхан
Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан
Онгон талд адуу минь байх шиг сайхан
Он цагийн гурван марал бодол зөгнөх сайхан
Ондоо гарагийн хөлөг ирж явах шиг сайхан
Цас орон орон лавсах нь сайхан
Цаг эргэж ирэх сайхан
Царайлагхан чамайгаа, намайг тоогоогүйг тоосоон гэж бодох сайхан
Цаг гэрт цохисоор байх нь сайхан
Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан
Тэргэн дээр хураасан бараа сүглийх сайхан
Тэртээх хөндий цайвартаж сүүдэртэх нь сайхан
Тийшээ очмооргүй аймаар санагдах нь сайхан
Явган шуурга гадаа исгэрэх сайхан
Яндан юмуу нэг юм, хаа нэгтээ дар дархийх сайхан
Гэнэт гэнэтхэн нүдгүйлэн харанхуйлах нь сайхан
Гэрийн хаяагаар цас хунгарлах нь сайхан
Айлын гэрээс хүмүүс гарцгаах сайхан
Арилсан тэнгэрт шувуу нисэх сайхан
Уул тал руу гүйх сайхан
Улаан хацартай хүүхдүүд тоглох сайхан
Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд цас орох нь сайхан!
3.
Цас хайлж ханзрах сайхан
Цаг ирэх сайхан
Чамайг хүлээх сайхан
Цаг харах сайхан
Шувуу ирээд буух сайхан
Чулуун дээр суугаад нисэх сайхан
Харгуй замаар хүн явах сайхан
Хадан дээр би суух сайхан
Айлын бүсгүй усанд явах сайхан
Арын булаг уруу дурандах сайхан
Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан
Цэнхэр дээл чамд зохих нь сайхан
Толгодын орой зэрэглээтэх сайхан
Торгон салхи сэвэлзэх сайхан
Хөх ногооны униар татах сайхан
Хөх мананд нь ороолгон суух сайхан
Амгалан шөнө нойр хулжих сайхан
Алсын чимээ анирлах сайхан
Бүүр түүр холд нэг юм жингэнэх сайхан
Бүүвэй бүүвэй хорвоо сайхан
Хэн нэгэн ирээд явах сайхан
Хэрэг болгож надаас, гал байна уу гэж асуух сайхан
Ертөнцийг аргадах хийгээд, бусдыг бодох сайхан
Юм бүхнийг хайрлах, гол мөрөн урсах хоёр сайхан
Цөн түрж, гол урсах нь сайхан
Цөмөрвөл, би ч бас урсана даа гэж бодох сайхан
Өглөө голын эрэгт, ганцаархнаа сайхан
Орой голын хөвөөнд чамтайгаа сайхан
Хашаа тэргэн дээр шаазгай үглэх сайхан
Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан
Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан
Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан
Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан
Цэлэлзэж нүдний нулимс гарах сайхан
Дөрөөн дээр өндийгөөд исгэрэн давхих сайхан
Дөрвөн туурайн хооронд шувуу нисэх сайхан
Хаврын өглөө эрт босох сайхан
Хазаар аваад моринд явах сайхан
Сэрүүн цас үнэртэх нь сайхан
Сэмжин мөснөөс хүлхэх нь сайхан
Он он жил хөдөө суух сайхан
Од мэт хөх дан сууцанд амьдрах сайхан
Дээр яваа сансрын хөлөг эргэж ирэх сайхан
Дээврийн цас хайлж янжуурын цог дээр тусах сайхан
Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан
Утасны мод хөхөрч гандах нь сайхан
Он жилүүд ирэх сайхан
Он жилүүд одох сайхан
Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд гол урсах сайхан
4.
Навч ганц нэг унах нь сайхан
Нар толгодын цаанаас гарах сайхан
Сэв сэв салхи үүсэх сайхан
Сэм сэмхэн хуй босох сайхан
Гол мяралзан урсах нь сайхан
Ганц нэг ялаа долгионд нь суух сайхан
Морины шар хомоол тэрүүхэнд хөвөх сайхан
Модон тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх сайхан
Хол ойрыг санагалзаж уярах сайхан
Хот айлаас хэн нэг нь явахад үг захимаар сайхан
Торолзох барааг харж зогсох сайхан
Торгон алчуур дэрвэх сайхан
Сэмжин цагаан үүл нүүх сайхан
Сэтгэл зүрхэн дундуур хөвөх сайхан
Шивэр авир бороо салхилах сайхан
Шивээн толгой ганхах сайхан
Морьтой хүн давхин одох сайхан
Морин төвергөөн дуулдах сайхан
Тэнгэрийн хаяаг харах сайхан
Тэрэг хөсөгний зам зурайх сайхан
Өмне зүгт шувуу нисэх сайхан
Үүлсийн дунд ганганах сайхан
Наран шаргалтаж тоорогтох сайхан
Навчсын шар шуурга хаялах сайхан
Шаргал бороо нартай орох сайхан
Шанз ятгын утас буйлах нь сайхан
Шаавай төрсөн Хонгорзул эгчирхэх нь сайхан
Шальдар бульдар дуү минь туүнийг санах нь сайхан
Ган жийжүү дөрөө гадаа дуугарах сайхан
Ганган морьтой хүн буух сайхан
Намрын сарын шинийн гурван ирэх сайхан
Намуун үдэш аргын тооны cap гарах сайхан
Хууч яриа нойрон дунд сонсдох сайхан
Хуучин сүмийн тууринд... хэмээн ярилцах нь сайхан
Цонхоор cap тусах шөнө үлгэр ярих сайхан
Цоороо аваад дуултал чөтгөр уярчээ гэх сайхан
Cap орой болж хүйтрэх нь сайхан
Салхинд одод зүлгэгдэх нь сайхан
Өдөр шөнө тэнцэх нь хорин хоёрон болох сайхан
Хүлэг хүн хоёр адилхан цаг унтах сайхан
Дэлхийн чулуунд хяруу цавцайх сайхан
Дэрсээр дээр нь шүлэг бичих сайхан
Дээвэр дэвэх салхинд сэтгэл гэгэлзэх нь сайхан
Дэндуу ойрын хайраас холд байх нь сайхан
Модны мөчирт шувуу навчны оронд суух сайхан
Монгол аялгуугаар жиргэх сайхан
Дээр төрийн сүлдний нар мандах сайхан
Дэргэд алтан соёмбоны гал ноцох нь сайхан
Хэн нэгэн ирээд дуулах сайхан
Хэн нэгэн одоод гуних сайхан
Эргэх нэгэн хайр зүрхэнд хөгжимдөх сайхан
Ээлжлэн ирэх цаг хонхоо цохих нь сайхан
Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан
Алаг нүдний нулимсан дусалд багтсан
Ай миний эх орны дөрвөн цаг
Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу даа.
Аяа, хөөрхий гэж....
Р. Чойном : МОНГОЛ НАЙРАГЛАЛ
МОНГОЛ ГЭДЭГ
ЗОРИГТОН ЭРС НЬ ЗОДГОНДОО ЧАНГАРЧ
ЗОГСООГООРОО НӨХЧДӨГ
ЗОРМИГ САЙХАН ЭХ ОРОН
МОНГОЛ ГЭДЭГ
САРАНГУА СААЛЧИН ОХИД НЬ
САЛХИНД УРАЛСАН САЙХАН ЭХ ОРОН
МОНГОЛ ГЭДЭГ
ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ТЭГШ ТАЛ НЬ ЦЭЛГЭР
ТЭНД СУУГЧИД НЬ ЦЭМЦГЭР ТИВ ДЭЛХИЙД
ХОСГҮЙ САЙХАН ЭХ ОРОН
МОНГОЛ ГЭДЭГ
УУЛ НЬ ӨНДӨР УРГАЦ НЬ ӨТГӨН
УРСГАЛ НЬ ТУНГАЛАГ УУЖИМ САЙХАН ЭХ ОРОН МОНГОЛЫН ДУУ ГЭВЭЛ МОТОРЫН ДУУ БИШ
МОРИТОН ЗАЛУУСЫГ УЯРААСАН
МООЛЬ ХАР НҮДТЭНИЙ ДУУГ МОНГОЛ
ГЭДГИЙМ
МОНГОЛЫН ДУРСГААЛ ГЭВЭЛ
МӨНГӨН БОРОНЗТОЙ ШОХОЙН БАРИМАЛБИШ
МӨРНӨ БАЛРААГҮЙ ЭХ ЦУВААНИЙ ЗАМ ДЭЭР
МӨНХЖИН ҮЛДСЭН ХҮН ЧУЛУУГ МОНГОЛ
ГЭДГИЙМ
ЭХ ОРНЫ МИНЬ УУДАМД НҮДЭЭ БЭЛЧЭЭХ
ГЭЖ
ЭСГИЙ ГЭРИЙН МИНЬ ХОЙМОРТ ЭДЭЭ
ЗООГЛОХ ГЭЖ
ЭРТНИЙ ЕВРОПИЙН ЭРТЭЙ ЧАДАЛТАЙ
ЖУУЛЧИД
ЭЛСЭН ЦӨЛД НЬ АНГАЖ ЦАНГАЖ ЯВСАН
МӨР БИЙ
ХҮНГҮЙ ЮМ ШИГ ӨНГИЙСӨН МАНЖ
ДАЙЧИН УЛСЫН
ХҮРЭЭНЭ БЭТҮҮ ХЭЛЭН ХАР МАЛГАЙ
ХИЛИЙН ОВООНЫ БЭЛД ТОЛГОЙТОЙГОО
ХҮЛЭГ МОРИДИЙН МИНЬ ТУУРИАН ДОР
ӨНХӨРЧ УНАСАН МӨР БИЙ
ЭНЭ ЧИНЬ ЭЗЭНТЭЙ
ЭЗЭН НЬ ЭРТЭЙ ЧАДАЛТАЙ
ЭРТЭНЭЭСЭЭ НААШ ЭЦЭГТЭЙ ӨВӨГТЭЙ
ХАДАН ДЭЭРЭЭ БИЧИГТЭЙ
ХАДАГАН ДЭЭРЭЭ ЕРӨӨЛТЭЙ
ХААЧ ЯВСАН ХАНАГАР САЙХАН ЭХ ОРОН
МОНГОЛ ГЭЖ БАЙСАНЧ ЮМУУ БАЙДАГЧ
ЮМУУ ГЭЖ
БАРУУНИЙХАН ЯРИДАГ
ТЭГВЭЛ ТЭР МОНГОЛ ГЭДЭГ ЧИНЬ
БАЙСАН ЮМ БАЙГАА ЮМ
БАЙЛГАХ ГЭЖ БИД БАЙГУУЛСИЙМ
БАЙХ БАЙХДАА БАРАГИЙН ТА НАР БИШ
БААТАРУУД БАЙСИЙМ
НАР САЛХИНД ОНГОСОН НҮҮДЭЛЧИН
ОВГИЙН ЦУВААНААС
НАС ЗАЛУУ БААТАРУУД................
ӨНЖИН ТОРНИЖ
НАНХИАД УЛСЫН ХЭРМИЙГ
ӨДТЭЙ СУМ ШИГ ДАВЖ
НАЙМАН ТҮМЭН СЭЛҮҮРТЭЙ ХӨЛӨГ
ОНГОЦ ДАРХЛААД
НАРАН УЛСЫН ХИЛРҮҮ СЭЛЖ ЯВСАН
ТҮҮХТЭЙ ЮМ
АЛТАН ШАРМАЛ ХҮРЭЭТЭЙ ЗАНДАН
СУУДАЛД НАЛАЙЖ
АРВАН ЦАГААН ХУРУУНДАА ОЧИР
АЛМАЗ ГЯЛАЛЗУУЛСАН
АРАБЫН ШАХЫН ӨМНӨ ДЭЛХИЙ
БӨХӨЛЗӨЖ БАЙХАД
АРИСАН ЦАМЦАН ДЭЭРЭЭ БУЛГАН
ДЭЭЛ БӨГТӨРЧ
АРГИЛ БАДРИУН ГАРТАА ИЛДИЙН
БАРИУЛ АТГААД
АНЧИН МАЛЧИНИЙ БААТАР ХҮҮ
АРЧААД ӨНГӨРСӨН ТҮҮХТЭЙ
НАЙМАН ЗУУНЫ ӨМНӨХ СУУТ МОНГОЛ
ХҮН ТЭР
НАМХАН ЧИЙРЭГ МОРИДИЙНХОО ХУР
ДЭЛЭН ДЭЭР БӨХИЙЖ
НАРИЙН ШИРЭН ГӨЛМӨН ДЭЭР ГАН
ДӨРӨӨ ЖИЙЖ
НАРАН ШИНГЭХ ЗҮГРҮҮ СУРАН БУГУЙЛ
ЧУЛУУДАЖ
НАМТАР ТҮҮХТЭЙ ПАРИСИЙН
АЛТАН ЦАМХАГЫГ УУРГАЛАЖ
НААШ ЦААШ ГАНХУУЛАН ТАТАЖ
ЯВСАН УДААТАЙ
ЗАСГЫН СҮР ГЭДГИЙГ ДЭЛХИЙ ТЭГХЭД
УХААРСАН ЮМ
ЗАРЛИГ ТУШААЛ ГЭДГИЙГ ЕВРОП
ТЭГХЭД ОЙЛГОСОН ЮМ
ЗАГС ИХТЭЙ ХЭРЛЭНГИЙН
ЗАМАГТ ХАТААГДСАН СЭЛЭМ
ЗАРХАЙ ХОТИЙН ИЛДИЙГ ХУГА
ЦОХИХИЙГ ҮЗСИЙМ
ЗАЛУУ БААТАР ТЭМҮҮЖИНИЙ САНАСАН
САНАА ТЭГЭЖ
ЗАМБУУ ТИВИЙН ЭЛГЭН ДЭЭР ХҮН ЧУЛУУ
БОЛОН ҮЛДСИЙМ
МОНГОЛ ХҮН ИНГЭЖ МОРИТОЙГОО
ХҮНТЭЙГЭЭ ХӨШӨӨТЭЙГӨӨ
ЧУЛУУТАЙГАА
ХӨДЛӨШГҮЙ ДАРХАН ЭРХТЭЙГЭЭ
ХӨДЛӨШГҮЙ БАТ ЗОРИГТОЙГОО
ХӨВЧИН ДЭЛХИЙ ДЭЭР ХӨЛ ДЭЭРЭЭ
БАТ ЗОГСОЖ ҮЛДСИЙМ
ОВТОЙ МАНЖ ШИГ ОХИДОО ХУДАЛДАЖ
ОРОС ОРОН ШИГ НИЙСЛЭЛЭЭ ГАЛДУУЛЖ
ТЭРТЭЭГИЙН АМЕРИК ШИГ ТЭНЭГҮҮДИЙГ
ТУРХИРЖ ТЭГЭЖ БИД ТӨГСӨӨГҮЙ ЮМ
УТААН ДУНД Ч МОРИТОЙГОО БАЙСАН
УСАН ДУНД Ч ГУТАЛТАЙГАА БАЙСАН
УУЖ ИДЭХДЭЭЧ ХУЯГТАЙГАА БАЙСАН
УНТАЖ ХЭВТЭХТЭЙЧ ХУВЦАСТАЙГАА
БАЙСИЙМ
ӨӨРСДИЙНХӨӨ ХҮНИЙГ ӨДӨР ШӨНӨГҮЙ
ХАЙРЛАН САХИСИЙМ
ӨӨРСДИЙНХӨӨ ГҮРНИЙГ ӨДТЭЙ СУМААР
ХАРВАЖ ХАМГААЛСИЙМ
ДЭЛХИЙ ДАХИНИЙ ТҮҮХЭНД
ТӨРИЙН НУРУУ БОСОГСОН
ДЭГЛЭМ САЙТАЙ ЦЭРГИЙН
ТӨМӨР ХЭРМИЙГ ҮҮСЭГСЭН
ТЭРГҮҮН ЖАНЖИН ЧИНГЭСИЙН МЭНДЭЛЖ
ТӨРСӨН ГАЗАР
ТЭМҮҮЖИН ХАСАР ХОЁРИЙН ТОГЛОЖ
ӨССӨН НУТАГ
ДЭЛҮҮН БОЛДОГИЙГ ОРООСОН ОНОНЫ
УСАНА ШИРГЭЭГҮЙ БАЙНА
ДЭЭДЭС ҮНДЭСЭЭР ОВГОЛСОН ОВОГ
ҮНДСЭНЭ УСТААГҮЙ БАЙНА
УСТААГҮЙ ТЭР ҮНДЭСИЙН ҮР НЬ БОЛСОН БИ
УРАГ САЙХАН МОНГОЛИЙНХОО АЛДАР
ЦУУ ХОЕРЫГ
УУР БАХАРХАЛ ХОЁРООРОО ХӨЛЧҮҮРЭНХЭН
ДУУЛЖ БАЙНА
УЛААН БҮСЛҮҮРТ МАЛГАЙТАЙ ЦАГДАА
НАРЫН ДУНДААС
УДАМ ХОЙЧИЙН ҮР САДАДАА
ҮҮНИЙГ СЭТГЭЛЭЭРЭЭ ХҮРГЭХ ГЭЖ
УУШИГНИЙХАА ГУРВАН СУДСЫГ ТАСАРТАЛ
БИ ДУУЛЖ БАЙНА
МАГТАН ДУУЛЖ БАЙГАА
МИНИЙ САЙХАН МОНГОЛ
МАНДТУГАЙГААР ДҮҮРСЭН УЛААН ТООСОН
ДОР БАЙХГҮЙ
МАНХАЙХ ӨНДӨР БАРИЛГИЙН ЦАГААН
ДЭЭВЭРТ БАЙХГҮЙ
МАШИН ТЭРЭГ ХӨЛГӨЛСӨН ПОЛЬТОН
ДОТОР БАЙХГҮЙ
МАЯГ ИХТЭЙ ХУВЦАСАН ДЭРГЭДЭХ БУДМАЛ
ТОЛГОЙД БАЙХГҮЙ
МАРШ ГОЛДУУ ХӨГЖИМӨН ДЭРГЭДЭХ
БУЛБАРАЙ ХӨЛӨНД БАЙХГҮЙ
МИНИЙ САЙХАН МОНГОЛ ҮҮРД МАНДАН БАДАРЧ БАЙХ БОЛНО ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ
П.Бадарч - Есөн эрдэнийн орон
Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ
Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн түрүү сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бүл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж нь алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо үсэг
Элэгдэшгүй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит төрийн сүлд нь алтан
Арвайн түмэн түрүү нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн
Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн
Ээжийн цацлын халбага нь мөнгөн
Сар наадсан ус нь мөнгөн
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн
Миний эх орон мөнгөн эрдэнийн билээ
Улсынхаа заяаг түшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шүр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хүний голомт
Угалз дөлт гал минь шүр адил улаан билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь тооны бүхлээрээ шүр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шүр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шүрэн
Хувьсгалын улаан туг нь шүрэн
Хурц улаан гал нь шүрэн
Хорол улаан тооно нь шүрэн
Миний эх орон шүр эрдэнийн билээ
Өргөн талын элгэнд чандманаланхан буусан
Өргөө гэрүүд минь танан өнгөөр цавцайна
Өчнөөн үеийг элээсэн хангайн буурал уулсын
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
Өргөсөн сүүний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан үеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо үлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сүү нь танан
Ханат цагаан гэр нь танан
Хангайн цагаан оргил нь танан
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон танан эрдэнийн билээ
Yүлгүй шөнийн тэнгэрт сүүн заадас татуулж
Өвч түгсэн одод сувд адил гялалзана
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сүрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
Yүрийн ариун шүүдэр сувдан далай байна
Yр буяны <<тэнгэр>> саальчин монгол хүүхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хөх тэнгэрийн нь одод сувдан
Хөдөө талын нь сүрэг сувдан
Энх үрийн нь шүүдэр сувдан
Эгэл саальчны гоёл нь сувдан
Миний эх орон сувд эрдэнийн билээ
Эр биеийн хийморь сэргэж үүрийн талд давхивал
Энгүй тэнгэр зүүнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сүргээ хурааж үдшийн хотонд ирвэл
Энэтээх үүлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин зэс бүстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бүс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон үүрийн туяа нь зэс
Оройн үүлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ
Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хүлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу
Угалз ширээлсэн гөлөм нь оюу
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ
Хүү миний заяанд эхийн сүү шиг ариухан
Хүслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хүлэг морин гүйх хаврын налгар өдөр
Хүрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хүйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хүүшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хүний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хүндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ
Эрмэг хүлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зузаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгүй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг түмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган
Урсгалт гэрлийн утас нь ган
Эр цэргийн зэвсэг нь ган
Эрхэт ардын эв нь ган
Миний эх орон ган эрдэнийн билээ
Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
Миний ард түмэн есөн эрдэнээр бичдэг билээ
Мөнх бусыг дагасан ачит буурлаа хүндэлж
Миний ард түмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ
Мөхөлгүй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
Миний ард түмэн улсаа бадруулж яваа билээ
Мөрөөдөл хүслийн дээд эв хамтад хүрч
Миний ард түмний есөн хүсэл бүрдэх билээ.
1971 он
Б.Явуухулан - Би хаана төрөө вэ?
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би...
Д.Пүрэвдорж - Тусгаар тогтнол
Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулгын
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай-аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ-ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний
Зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Хүж дурдан бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний
Даалин дарах наргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ширмэн төмөр дөрөөний
Шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний
Шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрын саран
Хаяалж шингэх тэнгэр дээр
Шимийн нялх ногоо
Ханшилж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Аавын мөнгөн хазаарын
Найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийний
Наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Индэр улаан галын
Цац бадман дөлөн дээр
Ихэр хоёр загалын
Цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн
Цас чахрах цайдам дээр
Илд мөсөн голын
Цан хөөрөх гарман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглана бичнэ би!
Бэлгийн цэнхэр хадагны
Хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний
Хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн
Хорвоо уяраах дэлбээн дээр
Бэдэрт мөнгөн сарны
Хоймор унах туяаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Урсгал, татмал усны
Хөл алдах ёроол дээр
Ургамал, таримал модны
Хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн
Дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн
Дуулан орхих манцуй дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ажнай сайн хүлгийн
Гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн
Ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай
Ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй
Айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Баяр найрын ширээний
Амт тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн
Арц, хуш, зээргэнэ дээр
Балтаар давтан ширээсэн
Анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан
Атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эвт айлын хаяа
Дархан хилийн дээсэн дээр
Энх тайваны харуул
Дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний
Зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний
Зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эрх чөлөөний зарлиг
Ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо
Ад биш баян сан дээр
Эгнэтийн арга билэг
Алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалийн толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн
Өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглаг бичнэ би!
Хан тэнгэрт сүмбэрлэсэн
Үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлэн сүндэрлэсэн
Үлгэрийн харшийн туурган дээр
Хангай, говь, талын
Үлэмжийни өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний
Үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөлд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Өглөө бүрийн нарны
Асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын
Аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй
Амьсгалж яваа агаар дээр
Өөрийн толгой мэдэлтэй
Амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Ухаа хонгорын жолоог
Захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын
Зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн
Заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан
Засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Нүүрэнд нь гал бадарсан
Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн
Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан
Монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Эзэн сууж жаргасан
Их заяагаа сүсэглэж
Эх орон танынхаа
Ирээдүйн тааладд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан
Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би!
Л.Баяр