ЭШЛЭЛ 1
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: Чех Улсыг бид “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түншээ хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар тууштай өргөжүүлэн хөгжүүлэхийг ямагт эрмэлздэг юм.
ЭШЛЭЛ 2
Эрдэнэтийн зэсийн ордыг Монгол-Чехийн геологийн хамтарсан баг 1960-аад оны дунд үед нээн илрүүлж байсан. Дарханы цементийн үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг чех анд нөхөд, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэй байгуулсан түүхтэй.
ЭШЛЭЛ 3
Өнгөрсөн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, геологи, аж үйлдвэр, барилга, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, түүх, соёл зэрэг салбарт хөгжиж ирсэн.
ЭШЛЭЛ 4
Бид ололт, амжилтаа дүгнэн цэгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хөгжил дэвшилд үр өгөөжөө өгөхүйц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг судалж үзэж, хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Тухайлбал “Хархорум” хот болон “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулах, хамтрах санал гаргалаа.
ЭШЛЭЛ 5
Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел: Монгол Улс хэдийгээр газар зүйн хувьд алс хол ч гэсэн бид өнгөрсөн 75 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн.
ЭШЛЭЛ 6
1912 онд Чехийн хөгжмийн найруулагч Монгол Улсын Төрийн дууллыг бичсэн байдаг. Хэдийгээр 75 жил гэж байгаа ч 100 жилийн гүн харилцаатай. 1923 онд тухайн үеийн Чехийн тусламжтайгаар шар айрагны үйлдвэр байгуулж байсан түүхтэй.
ЭШЛЭЛ 7
1950-иад оноос монгол залуус Чех Улсад суралцаж эхэлсэн. Одоо ч энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаад талархаж байна. Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа монгол иргэд сайн ажилладаг, нэр хүндтэй. Бид ч тэдний хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаа.
ЭШЛЭЛ 8
Мэргэшсэн хүмүүсийг ажиллуулах нь манай хоёр улсад хэрэгтэй. Манай зарим салбарт дутагдаж байгаа ажилчдын орон зайг монголчууд нөхөж байгаа. Ажил хөдөлмөр эрхлэх монгол иргэдийн квотыг нэмснээр ажилчдын тоо 80 хувиар өссөн байна.
ЭШЛЭЛ 9
Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэснээр батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах боломж нээгдэж байна.
ЭШЛЭЛ 10
ОХУ. БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс гуравдагч хөрштэйгөө харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал байна. Бид хэдийгээр газар зүйн хувьд хол оршдог ч бид түншийн харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Харилцаа, хамтын ажиллагааг Чехийн Ерөнхийлөгчийн хувьд өргөжүүлэн бэхжүүлж, гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахдаа таатай байх болно.