БАРИМТ 1
Бүгд Найрамдах Чех Улсад айлчилж байгаа Монгол Улсын гурав дахь төрийн тэггүүн нь У.Хүрэлсүх Ерөнийлөгч болж байна. 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж байжээ.
БАРИМТ 2
Бүгд Найрамдах Чех Улс бол манай улстай дипломат харилцаа тогтоосон анхны улсуудын нэг. 1950 оны дөрөвдүгээр сард хуучнаар Чехословак улстай дипломат харилцаа тогтоосон. Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна.
БАРИМТ 3
Дипломат харилцаа тогтоосны дараа 1956 онд Улаанбаатар, Прага хотуудад харилцан Элчин сайдын яамаа байгуулж байжээ. Монгол Улсаас Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гансүх, Чех Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ян Вытопил ажиллаж байна.
БАРИМТ 4
Энэ оны эхний мэдээллээр Бүгд Найрамдах Чех Улсад манай улсын 14071 иргэн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ажиллаж, сурч, амьдарч байна. Эдгээр иргэдийн 28 хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Чех дахь Монгол гэр бүлүүдээс жил бүр 200 орчим шинэ хүүхэд мэндэлдэг гэсэн судалгаа байна.
БАРИМТ 5
Чех Улсад суугаа гадаадын иргэдийн тоогоор наймдугаарт Монгол Улсын иргэд эрэмбэлэгддэг. Мөн энэ үзүүлэлт нь Европ тив дэх хамгийн олон монголчууд ажиллаж, амьдардаг улсаар Чехийг тодруулсан.
БАРИМТ 6
Монгол Улсын иргэд, БНЧУ-ын иргэдийн харилцан хөдөлмөр эрхлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Чех Улсад ажиллаж байгаа иргэдийн ажилласан жилийг тооцдог. Мэргэшсэн ажилтны хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос эхлэн жил бүр манай улсын 1000 хүртэлх иргэдэд хөдөлмөр эрхлэх ангиллын виз олгож эхэлсэн. Энэ тоог өнгөрсөн жилээс 3 мянга болгон нэмэгдүүлсэн.
БАРИМТ 7
Бүгд Найрамдах Чех Улс манай улстай адил далайд гарцгүй орон.
БАРИМТ 8
Өнгөрсөн оны статистик мэдээллээр манай хоёр улсын худалдааны эргэлт 18 сая доллар. Үүний 304 мянган ам.доллар нь экспорт, 17.7 сая ам.доллар нь импортын бүтээгдэхүүн байдаг.
БАРИМТ 9
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 8 оюутан Прага хотод суралцаж байгаа бол 2024-2025 оны хичээлийн жилд Карлын их сургуульд суралцахаар 21 оюутан хэлний бэлтгэлд суралцаж байна.
БАРИМТ 10
Устаж үгүй болж, Улаан номд ороод байсан Монгол тахийг хамгаалж, үржүүлэхэд Бүгд Найрамдах Чех Улс үлэмж хувь нэмэр оруулсан. Өдгөө дэлхий дээр байгаа нийт тахийн 70 гаруй хувь нь Прага хотын Амьтны хүрээлэнгийн тахийн удамтай гэсэн судалгаа бий.
БАРИМТ 11
Монгол Улсаас 1890-1902 оны хооронд 90 орчим тахийг Европ руу зөөвөрлөн амьтны хүрээлэнгүүдэд байршуулсан байдаг. Чехийн эрдэмтэн Билек өөрийн хөрөнгөөр гурван тахийг Германаас авчирч тэжээж байсан бөгөөд 1931 онд Прага хотын Амьтны хүрээлэнд шилжүүлэн өгчээ. Анхны унага нь 1933 онд гарснаас хойш 1959 оноос тахийн удмын сангийн бүртгэл, мэдээллийг хөтөлж эхэлжээ. Энэ нь тахийг сэлгэн нутагшуулахад шинжлэх ухааны гол баримт болж байгаа юм.
БАРИМТ 12
1998 онд 3, 2001 онд 1 тахийг Прагийн амьтны хүрээлэнгээс гаднын байгууллагын санхүүжилтээр Монголд нутагшуулсан. 2011 оноос Прага хотын амьтны хүрээлэн бие даан 4 тахийг тээвэрлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талд нутагшуулж байв. Эдгээр тахийг тээвэрлэх онгоцыг гаргаж өгч байсан хүн нь тухайн үеийн Чехийн ЗХЖШ-ын дарга, одоогийн Ерөнхийлөгч Петр Павел байжээ.
БАРИМТ 13
Бүгд Найрамдах Чех Улсаас 2019 оныг хүртэл 9 удаагийн тээвэрлэлтээр нийт 30 тахийг Хомын тал болон Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Тахийн талд тээвэрлэн нутагшуулаад байна.
БАРИМТ 14
Прага хотын амьтны хүрээлэнгээс зөвхөн тахь нутагшуулаад зогсохгүй байгаль хамгаалагчдыг тусгай машин, мотоциклоор хангах, худаг гаргах зэрэгт нэг тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ.
БАРИМТ 15
Прага хотын амьтны хүрээлэнд 2024 оноос “Говь үзвэр” нээсэн. Монголын Баянзагийг санагдуулам уг хэсэгт монгол гэр барин, тахийг эргэн нутагшуулах төслийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг тогтмол гаргаж байгаа юм.
БАРИМТ 16
Прага хотын амьтны хүрээлэн нь Европын ТОП 3 амьтны хүрээлэнгийн нэг. Прага хотын захиргаа энэ амьтны хүрээлэнгийн тасалбар бүрээс 8 крон буюу 1200 төгрөгийг тахийг хамгаалах үйлсэд зарцуулдаг. Өнгөрсөн онд тус амьтны хүрээлэнд нийт 1387433 хүн зочилжээ.
БАРИМТ 17
“Монголын нууц товчоо”-г 1955 онд Чехийн монголч эрдэмтэн Павел Поуха төрөлх хэл рүүгээ хөрвүүлсэн. Энэ нь “Монголын нууц товчоо”-г анх удаа гадаад хэл рүү буюу чех хэл рүү хөрвүүлсэн тохиолдол болсон юм. Павел Поуха бол Чех дэх Монгол судлалыг үндэслэгч хүн юм.
БАРИМТ 18
Карлын Их сургууль дахь Монгол судлалын төв нь өдгөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Европ дахь цөөхөн төвүүдийн нэг юм. Энэ Монгол судлалын төв нь 1976 онд байгуулагдаж байжээ.
БАРИМТ 19
Карлын Их сургуульд 3 монгол судлаач багш ажилладаг бол бакалаврын түвшинд 11, магистрын түвшинд 2, докторын түвшинд 2 оюутан суралцдаг ажээ.
БАРИМТ 20
Карлын Их сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэн гаргадаг “Mongolica Pragensia” эрдэм шинжилгээний сэтгүүл нь Европын хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлээр бүртгэгдсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл. Азиас бусад тивийн хэмжээнд монгол судлалыг голлосон англи хэлээр хэвлэгддэг цорын ганц эрдэм шинжилгээний сэтгүүл болох “Mongolica Pragensia” нь жилд хоёр дугаар гаргадаг.
БАРИМТ 21
Орхон голын хөндийд орших Түрэгийн үеийн хөшөө дурсгал, археологийн олдворыг судлахад Монгол-Чехийн хамтарсан экспедиц чухал хувь нэмэр оруулсан. Тус экспидецийн археологич Лумир Ийсл манай улсын түүх археологи, шашны холбогдолтой 2000 гаруй гэрэл зургийг фото хальсанд буулган үлдээсэн байдаг. Түүний гэрэл зургуудаар “Монголын 108 төрх” зэрэг үзэсгэлэнг Улаанбаатар хотноо дэглэн гаргаж байв.
БАРИМТ 22
Монгол-Чех хоёр улс нь 1957 оноос соёлын салбарт хамтран ажиллаж байгаа. “Хайрхан өндөр хаана байна” уран сайхны кино нь хоёр улсын киночдын хамтарсан бүтээл юм.
БАРИМТ 23
Чехийн Үндсэний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн өнөөдрөөс (2025.03.10) зургадугаар сарын 20 хүртэл дэлгэгдэнэ. “Чингис хаан” үзэсгэлэнд Чингис хааны музейн 117 ширхэг үзмэр, Археологийн хүрээлэнгийн 581 ширхэг олдвор, 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл дэлгэгдэнэ. Үзэсгэлэнд Чингис хаан үндэсний музейд хадгалагдаж байгаа Билгэ хааны алтан титэм, мөнгөн буга болох Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт хоёр дурсгалд хуулбар хийлгэн оролцуулж байна.
БАРИМТ 24
Чехсловакийн геологчид 1963 онд Булган аймгийн нутагт зэс молибдены асар том орд байгааг тогтоосон нь өдгөө бидний монголчуудын төсвийг бүрдүүлдэг Эрдэнэт байв.
Сэтгэгдэл (3)