БНАСАУ анх удаа цөмийн эрчим хүчээр ажилладаг шумбагч онгоцыг бүтээсэн нь Өмнөд Солонгос болон АНУ-ын аюулгүй байдалд томоохон аюул учруулж болзошгүй зэвсгийн систем гэгдэж байна. Тэд уг шумбагчаа саяхан олон нийтэд танилцуулжээ.
Тус улсын Удирдагч Ким Чен Ун байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэдэг томоохон усан онгоцны үйлдвэрүүдээр зочилсон тухай мэдээлэлтэй хамтатган тус улсын төрийн мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн бямба гарагт “цөмийн эрчим хүчээр ажилладаг стратегийн удирдлагатай пуужинт шумбагч онгоц” гэж нэрлэсэн гэрэл зургуудыг нийтэлжээ.
Өмнөд Солонгосын төв мэдээллийн агентлаг "KCNA" уг шумбагч онгоцны талаар дэлгэрэнгүй мэдээлэл олохоор ажиллаж байна. Сөүлийн Ханьян их сургуульд багшилдаг Өмнөд Солонгосын шумбагч онгоцны мэргэжилтэн Мүн Кын Сик хэлэхдээ, тэнгисийн цэргийн уг хөлөг нь 6000-7000 тонн жинтэй, 10 орчим пуужин тээвэрлэх чадвартай гэжээ.
Тэрбээр "Стратегийн удирдлагатай пуужин" гэсэн нэр томъёог ашиглаж байгаа нь "уг шумбагч цөмийн зэвсэг тээвэрлэнэ гэсэн үг" болохыг онцлов. "Энэ нь бидэнд болон АНУ-д үнэхээр том заналхийлэл болно" гэж Мүн хэлэв.
Ким 2021 онд болсон улс төрийн томоохон бага хурлын үеэр АНУ тэргүүтэй цэргийн аюул заналхийллийг даван туулахын тулд цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээхээ амлаж байв. Бусад зэвсгийн хувьд хатуу түлшээр ажилладаг тив хоорондын баллистик пуужин, хэт авианы зэвсэг, тагнуулын хиймэл дагуул, олон цэнэгт хошуутай пуужингууд юм. Тэр цагаас хойш Хойд Солонгос эдгээрийг бүтээхийн тулд олон зуун туршилт хийсэн.
Л.Баяр