Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.
Тэрбээр "Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, спортын бооцоот тааврыг зөвшөөрч бусад бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгдэж, 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас 417.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх ҮСХ-ны судалгаа гарсан. Насны бүлгээр нь авч үзвэл, 18-29 нас 9.2 хувийг, 47.7 хувийг 30-39 насныхан эзэлж байна.
Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдээллээс нэгтгэн дүгнэхэд, нийтдээ манай улсаас 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжсэн байна. Зөвхөн 6000-70 мянган доллар хүртэлх гэрээ байгуулж, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 1Хbet зар сурталчилгааны зорилгоор 976 сая доллар шилжиж ирсэн. Бүх төрлийн үйл ажиллагааг спонсорлох нэрийдлээр 1 сая хүрэхгүй долларыг оруулж ирдэг хэрнээ гадагшаа 500 сая долларыг урсгаж байна гэсэн тооцоолол гарсан.
Өнгөрсөн хугацаанд цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домайн хаягын хандалтыг хязгаарласан хэдий ч линкүүдийг сольж, үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. Энэ бүхэнд Зөрчлийн хуулиар 13.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар ийм бага торгууль ногдуулж байна гэсэн үг.
Иймд Зөрчлийн хуулиар цахим мөрийтэй тоглоом явуулж байгаа бүх ААН-үүдийг, агент зуучлагчийн нэртэй үйл ажиллагааг бүрэн хориглоно. Цахим мөрийтэй тоглоом сурталчилж байгаа, тоглож байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Цахим мөрийтэй тоглоомыг бүрмөсөн хориглоно" гэв.