Галт зэвсгийн цэргийн сургуулилалтын үеэр сөнөөгч онгоц энгийн дүүрэгт санамсаргүй байдлаар найман бөмбөг хаясны улмаас Өмнөд Солонгост долоон хүн шархадсаны дөрөв нь хүнд байна. Агаарын цэргийн хүчний KF-16 онгоцтой холбоотой уг хэрэг орон нутгийн цагаар 10:04 (GMT 01:04) орчимд Хойд Солонгостой хиллэдэг Почон хотод болсон байна.
Найман бөмбөгний нэг нь л дэлбэрсэн тухай эх сурвалжууд мэдээлэв. Тэсрэх бөмбөг устгах баг бусад долоон дэлбэрээгүй бөмбөгийг аюулгүй болгохоор ажиллаж байна гэж Почеоны эрх баригчид мэдээлжээ. Тэд ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр хоёр хүний хүзүү, мөрний яс хугарсан байна. "Манай KF-16 тийрэлтэт сөнөөгч онгоц хэвийн бус байдлаар найман ширхэг MK-82 бөмбөг хаясан нь заасан хүрээллээс гадуур газардсан. Бид уучлалт гуйж байна. Хохирсон хүмүүст нөхөн олговор олгоно" гэж Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчнийхэн мэдэгдэлдээ дурджээ.
Мөн ослын улмаас нэг сүмийн барилга, байшин эвдэрсэн байна. Тус улсын Батлан хамгаалах яамнаас пүрэв гарагт болсон сургалт нь АНУ-ын хүчинтэй хамтарсан сургуулилтын нэг хэсэг байсан гэжээ.
Өмнөд Солонгос, АНУын хүчнийхэн гуравдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 20-ны хооронд хамтарсан сургуулилт хийх гэж байгаа нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Цагаан ордонд буцаж ирснээс хойших анхны тохиолдол юм. Энэ нь хоёр улс Хойд Солонгос, ОХУ-ын эвслийн холбоо улам бүр нэмэгдэж буйгаас болгоомжилж байгаа энэ үед болж байна.
Л.Баяр