2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 4715 төгрөг буюу сард 792,000 төгрөг байхаар 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 3 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоосон билээ. Тэгвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж юу вэ?
Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид "ажилтан" гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ.
Үүнтэй холбогдуулан 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүрийн даатгуулагчаас суутгах нийгмийн даатгалын шимтгэлийн (НДШ) дээд хэмжээ 910,800 төгрөг болж өөрчлөгдөхөөр байна. Өөрчлөлтийн өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг харин даатгуулагчийн төлөх НДШ-ийн дээд хэмжээ нь 759,000 төгрөг байсан юм.
Түүнчлэн сайн дурын даатгуулагчид гуравдугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөгөөр тооцуулах бөгөөд шимтгэлд 89100 төгрөг төлнө.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн ч нийгмийн даатгалын хувь хэмжээ 13.5 хувь хэвээр үлдсэн. Тиймээс сайн дурын даатгуулагчид ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 106920 төгрөгийн шимтгэл төлөхөөр болж байна.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх саналыг улс орныг бүхэлд нь хамарсан эдийн засгийн хямрал, гамшгийн болон онцгой байдлын нөхцөлд нийтийн эрх ашгийн үүднээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхой хугацаанд тогтвортой байлгах болон нийгмийн хамгааллын бусад арга хэмжээтэй хослуулан түр хугацаагаар бууруулан мөрдөх саналыг Засгийн газар гаргаж болно.
Сэтгэгдэл (2)