УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан асуултад хариуллаа.
Тэрбээр "Наймдугаар сард хамтарсан Засгийн газрын 2028 он хүртэлх төлөвлөгөөтэй зэрэгцээд 2024 оны сүүлийн хагас жилийн төсөв дээр тодотгол хамт өргөн барьсан. Өөрөөр хэлвэл, төлөвлөгөөг цаг алдалгүй биелүүлэх, гараанаас нь амжилттай гаргах тодотгол байсан. УИХ дээр тодотголыг хэлэлцээд баталсан. Үүнтэй яг зэрэгцээд хамтарсан Засгийн газрын анхны буюу бүтэн жилийн төлөвлөгөөг өргөн барьсан.
Төсвийн гол үзэл баримтлал бол ойрын жилүүдэд төлөвлөгөөндөө хүрэх, томоохон макро эдийн засгийн өсөлтийн хөгжлийн зорилтууддаа хүрэх. Тэгэхдээ энэ нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр суурилсан.
Тодотгол болон 2025 оны төсөв дараалаад орсон учраас төсөв тэлсэн. Үүнийг дагаад ДНБ сүүлийн дөрвөн жилийн дотор 2.5 дахин өссөн байдаг. Ингээд эдийн засгийн идэвхжил бий болж байгаа учраас төсвийн орон зай нэмэгдэж байгаа. Гэхдээ төсөв, ДНБ-ий харьцаа 1/3 байна гэдэг харьцаан дээрээ сүүлийн 20-оод жил тогтвортой явж байгаа.
Төсвийн урсгал зардал нэмэгдсэн 3.5 их наядыг задлаад харах юм бол тодорхой зүйлүүд бий. Тухайлбал үнийн өсөлт, үйл ажиллагааны тэлсэн байдал, хууль тогтоомжийн дагуу нэмэгдэж байгаа салбар салбарын зардлууд бий.
Засгийн газар өмнөө тавьсан макро зорилтууддаа энэ дөрвөн жилийн хугацаанд хүрье гэсэн амбицтай зорилт тавьсан. Харин одоо Ерөнхийлөгчийн хоригоос харвал, ойрын хугацаанд гадаад нөхцөл байдал өөрчлөлт орж байна. Тэгэхээр Засгийн газар томоохон зорилтууддаа яаралтгүй болох нь. Эрсдлүүдийг тооцож, макро эдийн засгийн төслүүдээ бариад алгуурхан явах, гэхдээ хүрэх зорилтоосоо ухарч болохгүй гэсэн шаардлагыг тавьж байна гэж харсан.
2025 оны төсөв батлагдсантай холбогдуулж гаргасан УИХ-ын тогтоол дээр Үндсэн хууль зөрчсөн гэсэн ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй шүү, УИХ-ын дарга аа" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)