Мексикийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Хавьер Агирре баасан гарагт баг нь Гондурасын шигшээд хожигдсоны дараа хөгжөөн дэмжигдээс ирсэн лаазтай ундаанд оногдон тархиа хагалжээ.
Гондурас улсын Сан Педро Сула хотын талбайд болсон уг тоглолтын эцсийн шүгэл дугарахад, уурссан үзэгчид түүн рүү гарт таарснаа шидсэн аж. Уг үйл явдлын дараа тэрбээр Гондурасын шигшээд баяр хүргэж, "тархиа хагалуулсан нь өөрийн буруу, гомдох эрхгүй" гэж мэдэгджээ.
Хуучин Мексикийн шигшээ багийн тоглогч байсан, өдгөө 65 настай тэрбээр 1995 оноос эхлэн дотоод гадаад, олон улсын лигийн хүрээнд 15 багт дасгалжуулагч хийжээ.
Тэр 2024 оноос шигшээ багийнхаа дасгалжуулагчаар ажиллаж байна.
Мексик гуравдугаар сард болох Үндэстнүүдийн лигийн хагас шигшээд өрсөлдөхийг хүсвэл шөвгийн наймын цувралын хариу тоглолтод Гондурасын эсрэг дахин ялагдал хүлээх эрхгүй байгаа билээ.
Л.Баяр