Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан билээ. Энэ нь түүний тавьж буй хоёр дахь хориг юм. Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх нь хуульд заасанчлан УИХ-ын бүрэн эрхийн асуудал билээ. Тиймээс УИХ 14 хоногт багтаан хоригийг хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийдэх учиртай. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцэх аж.
Монгол Улс 1993 оноос хойш зургаан Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж буй. Тодруулбал,
- П.Очирбат 1993-1997
- Н.Багабанди 1997-2005
- Н.Энхбаяр 2005-2009
- Ц.Элбэгдорж 2009-2017
- Х.Баттулга 2017-2021
- У.Хүрэлсүх 2021-
Үе үеийн Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн тоо:
- П.Очирбат- 7
- Н.Багабанди- 30
- Н.Энхбаяр- 9
- Б.Элбэгдорж- 8
- Х.Баттулга- 14
- У.Хүрэлсүх- Одоогоор 2 хориг тавиад байна.
УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээж аваагүй Ерөнхийлөгчийн хоригууд \төсөв\
- Н.Энхбаяр 2007 онд төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байжээ. Гэвч УИХ хүлээж аваагүй.
- Ц.Элбэгдорж 2010 оны улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байжээ. Гэвч УИХ хүлээж аваагүй.
- Х.Баттулга 2017, 2018 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй. 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан ч мөн л хүлээж аваагүй. 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьж байж. 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан ч хүлээж аваагүй.
"2005 онд УИХ хоригийг хүлээж авч байсан" гэх мэдээлэл чуулганы үеэр яригдлаа.
Мэдээллийг судалгааны ажил болон зарим эх сурвалжаас хайж үзэхэд дээрх агуулга гарч ирсэн агаад "УИХ ихэнхдээ төсөвт тавьсан хоригийг хүлээж аваагүй гэсэн дүгнэлт" байгаа юм. Тиймд энэ удаагийн Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал У.Хүрэлсүх төсөвт тавьсан хориг нь УИХ-аар баталгаажсан монголын хоёр дахь Ерөнхийлөгч болох бололтой.