БАРИМТ 1
Үндсэн хууль батлагдахаас өмнө Монгол Улсад зохих хуулиуд үйлчилж байжээ. Тухайлбал, 1911-1924 оны хооронд Үндсэн хууль батлах хүртэл 100 гаруй Үндсэн хуулийн шинжтэй баримт бичиг баталсан. 1924 оны Үндсэн хууль батлахын өмнө олон шийдвэрүүд гарсан байдаг. 1921 оны гуравдугаар сарын 13-нд Ардын түр засгийн газар байгуулсан шийдвэр дотроо Үндсэн цааз, дүрмийг зохион гэсэн шийдвэр гаргасан. Үүний дараа 1921 оны арваннэгдүгээр сард "Үндсэн хуулийн гол баримтлах хэм хэмжээ" гэдэг нэртэй 12 зүйл бүхий баримт бичгийг баталсан.
БАРИМТ 2
1922 оны тавдугаар сарын 19-ны өдөр Засгийн газар шийдвэр гаргаж, Үндсэн хууль боловсруулах асуудлыг хөндсөн. Иймд С.Магсаржав тэргүүтэй комисс байгуулж, Үндсэн хуулийг шинээр зохиох шийдвэр гаргасан.
БАРИМТ 3
Энэ үед Ерөнхий сайд Д.Бодоо, н.Цэвээнжамсран нар Үндсэн хуулийн тухай төсөл боловсруулж өргөн барьсан. Уг төсөлд хаантай байх тухай заалттай төслийг оруулж ирсэн. Энэ төсөл зогсож, 1924 оны хавраас шинэ үндсэн хуулийг боловсруулах ажлыг хөндөж, хөөцөлдөж эхэлсэн.
БАРИМТ 4
Үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа долоон улсын Үндсэн хуулийг судалж 1924 оны Үндсэн хуулийг зохиож байжээ. Үндсэн хууль боловсруулахад аль нэг улсыг загвар болгох шаардлагатай байсан. Иймд 1918 онд ОХУ-д батлагдсан Үндсэн хуулийг загвар болгон ашигласан аж.
БАРИМТ 5
1924 оны аравдугаар сарын 26-нд Засгийн газар "Долоо хоногийн дотор Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруул" гэсэн шийдвэрийг гаргасан. Ингээд Ерөнхий сайд Б.Цэрэндорж, С.Магсаржав зэрэг зургаан хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдаж ажилласан. Тус комиссын бүрэлдэхүүний 60 хувь нь Монгол хүн байсан. Тэдгээр хүмүүсийн дундаж нас 40 байв.
БАРИМТ 6
1924 оны арваннэгдүгээр сарын 8-28-ны өдөр Улсын анхдугаар хурал хуралдсан. Энэ хурлаар Засгийн газар, санхүүгийн тухай гээд олон асуудал хэлэлцсэн. Үүний нэг нь анхдугаар Үндсэн хууль байсан. Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Ерөнхий сайд Цэрэндорж Үндсэн хуулийн төслийг зүйл нэг бүрээр уншиж, зүйл нэг бүрээр гар өргөж 50 зүйлийг УИХ 100 хувийн саналаар баталсан. Үндсэн хуультай болно гэдэг бол Монголын төрийн түүхэнд шинэ үзэгдэл байв.
БАРИМТ 7
Үндсэн хууль бол шинэ цагийн баримт бичиг. Үүнийг Монгол Улс баримталж, шинэ төрт ёсны баталгаа болгон Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Энэ үндсэн хуулийн онцлог бол төрийн эрх барих, гүйцэтгэх байгууллага, шүүх эрх мэдэл, төрийн санхүү, зээлийн бодлого, орон нутгийн асуудлыг цогцоор нь баталсан баримт бичиг.
БАРИМТ 8
Үндсэн хуулиар ирэгний эрх үүрэг, төрийн байгууллагын бүтэц, гадаад бодлогыг зохицуулдаг. Үндсэн хуульд хүний эрх чөлөөний тухай асуудлыг заасан байдаг. Дарлагдсан ард түмний эрх чөлөө гэж. Энд хүний эрх гэсэн ойлголт байхгүй. Хүний эрх гэсэн ойлголт 1992 оны Үндсэн хуульд анх удаа тунхаглагдсан. Хүний эрхийн асуудал хөндөгдөөгүй нь 1924 оны Үндсэн хуулийн дутагдалтай тал гэхээс илүү тухайн үеийн нийгэм цаг үеийн асуудлаас болсон.
БАРИМТ 9
1924 оны Үндсэн хууль төрийн тусгаар тогтнол, ардын жинхэнэ эрхийг баталгаажуулсан боловч зарим хязгаарлагдмал заалтууд орсон. Тухайлбал, наймаачин, том лам, хутагт хувилгаан зэрэг зарим хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан. Хязгаарласны дараа 1927 оноос тэр хүмүүсийн эд хөрөнгийг хурааж эхэлсэн. Хувийн өмч үл болно хэмээн хувийн өмчийг устгасан. Энэ нь Үндсэн хуулийн сөрөг тал хэмээн үзэж болно.
БАРИМТ 10
1924 оны Үндсэн хууль улс орны хөгжлийн дагуу өөрчлөгдөж эхэлсэн. Хууль гэдэг бол аливаа зүйлийг хайрцаглаж, багцалж байдаг. Хууль нийгмээсээ хоцорвол хуучраад, нийгмийн саад тушаа болно. 1924 оны Үндсэн хуулийн ач холбогдол бол нэгдүгээрт, Монголын төрийн тусгаар тогтнол буюу жинхэнэ ардын эрх чөлөөг бататгасан, төрийн байгууллагуудын бүтцийг тогтоосон, мөн Монголын төрийн гадаад бодлого, санхүү зээл, худалдааны онц ашгийг тогтоосон хууль юм.